All for Joomla All for Webmasters

АДУУНЫ ЭХИЙН ТАЛЫН УГШИЛ ТОДОРХОЙЛОХ 

Адуунд зөвхөн эхийн талаас хүлээж авсан удмын мэдээлэл гэж байдаг бөгөөд мэргэжлийн хэллэгээр түүнийг митохондрийн ДНХ бичиглэл гэж нэрийднэ. Адуу бүрийн митохондрийн удмын бичиглэл нь 100% эхийн талаас хүлээж авсан байна. Тус мэдээллийг уншиж хөөх замаар эцгийн талын удмын мэдээллээс хамааралгүйгээр зөвхөн эхийн талын ургийн хэлхээ холбоог 2 ба түүнээс дээш тооны адуун дээр гаргаж ирэх боломжтой.
Тус шинжилгээг нэг ижил сүрэг, нижгээд адуун дээр багцалж гүйцэтгэх боломжтой. Шинжилгээний үр дүнг ургийн модны зураглал хэлбэрээр олгох ба хувь хүн адуун сүргийнхээ бүтцийг эхийн тал дагасан ургийн мод хэлбэрээр харна. Адуу тус бүр эхийн талаас хэдэн үеийн өмнө ураг салсан болохыг баримжаалж тооцоолж болно. Нутаг нэг буюу угшил ойр азаргаар гүү гишгүүлэх тохиолдолд тус 2 адууны эхийн талын ургийн холбоог мөн хараад тооцоолох боломжтой. Алдагдсан адуу тодорхой хугацааны дараа олдсон ч түүний эцэг болон эх, мөн нэг эхээс гарсан төл адуу зэрэг байхгүй тохиолдолд эзэмшигч гэж үзсэн хүн өөрийн адуун сүргийн эх дагасан удмын бичиглэлтэй харьцуулж, гарал үүслийг нь баталгатай тогтоох боломжтой. Мөн хувь хүн өөр хоорондоо адуу шилжүүлэх үед адууны эцэг ба эх тодорхойгүй байж болно. Тус тохиолдолд мөнхүү адуутай ургийн холбоотой гэж үзсэн сүрэг дээр эхийн тал дагасан удмын бичиглэлийг уншуулж харьцуулна. Ингэснээр адуу бүрийн эх дагасан гарал үүсэл дээр өргөн хүрээтэй багц мэдээлэл олж авах боломжтой юм.

Адууг шинжилгээнд хамруулах

Манай баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, шаардлагатай адуу бүрээс биологийн дээж авна. Биологийн дээж гэдэг нь дэл эсвэл сүүлнээс угаар нь сугалж авсан 20-30 ширхэг туг үс юм. Адууг эзэмшигч буюу түүнийг төлөөлөх хүн нь шинжилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзсэн адууг хүйс үл хамаарч сонгож авна. Дээжийг олгохдоо адуу бүртэй холбоотой үнэн зөв мэдээллийг зохих асуумж хуудас дээр бөглөж өгнө. Дээжийг алслагдсан газраас богино хугацаанд илгээх шаардлагатай бол зохих зааварчилгаа болон дээж хадгалах дугтуйг бид хаягийн дагуу илгээнэ.

Лабораторийн ажилбар

Шинжилгээг дээж бүр дээр 2 давталттай гүйцэтгэнэ. Олон улсад өргөн ашиглагддаг шигшигдсэн аргазүйн дагуу ABI 3730xl загварын тоног төхөөрөмжийн иж бүрдэл дээр хийнэ. Ажилбар явагдах байгууламж нь олон улсын зэрэглэлийн молекул биологийн туршилт судалгааны лаборатори. Эхийн ураг хөөж дүйцүүлэх тус шинжилгээний үндсэн аргазүй нь митохондрийн удмын бичиглэл дээрх 1800 үсэг бүхий хэсгийн дарааллыг уншуулах юм. Тус дараалал нь эхээс үр төлд үе дамжих бүрт хувирч өөрчлөгдөж байдаг тогтворгүй хэсэг мөн. Үр дүнг мэргэжлийн статистик дүн жинжилгээгээр баталгаажуулна.

Үр дүнг хүлээж авах

Нийт цуглуулсан дээж дээр шинжилгээг нэг дор гүйцэтгэнэ. Иймд эцсийн хариу лабораторийн ачааллаас хамаарч ажлын 10-20 хоногт гарна. Хариуг үйлчлүүлэгчийн зохих мэйл хаягаар илгээнэ. Мөн үйлчлүүлэгч нь манай вэб хуудас дээрх бүртгэлээр орж харж болно. Шаардлагатай бол үр дүнг хэвлэж дугтуйлаад баталгаат шуудангаар илгээж болно.

Шинжилгээний төлбөр

Төлбөрийн талаарх мэдээллийг манай вэб хуудас дээрх утас, электрон шуудангаар холбогдож тодруулна уу. Бүрэн урьдчилгаа хэлбэрээр төлбөрийг хүлээн авсаны дараа шинжилгээг гүйцэтгэнэ. Төлбөр бүрэн хийгдэх хүртэл шинжилгээний хариуг олгох боломжгүй.

Үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Үйлчилгээ бүртэй холбоотой мэдээллийг татаж авч болно.


 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл