АДУУНЫ БИЕМАХБОДИЙН ЗОРИЛТОТ ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭХ ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА
(Доктор Ээмэлин Хиллийн ярилцлага)
Энэ удаагийн дугаар дээр та бүхэнд мэргэжлийн морин уралдааны салбарт олны анхаарал дунд байгаа эрдэмтэн, судлаач Ээмэлин Хиллийн цомхон ярилцлагыг сийрүүлэн хүргэе. Тус богинохон ярилцлагыг доктор Хилл өнгөрсөн сард АНУ-д ажлаар зочлох үеэр адуу сонирхогч клубынхэн хийжээ. Ярилцлагыг хүргэхийн урьдаар та бүхэнд холбогдох ерөнхий мэдээллийг олгох нь зүйтэй болов уу.
Адууны үнэлгээ, үржил селекцийн ажилд биологийн ухаан дахь ололт амжилтыг ашигладгийн нэг нь удамзүйн, үүнд молекул биологийн мэргэжлийн шинжилгээ юм. Өнөөдөр адуун дээр хийгдэж байгаа молекул биологийн шинжилгээг зорилгоор нь 3 хэсэгт багцалж болно. Үүнд, нэгт, эрүүл мэндийн уюу удмын эмгэг болон халдварт өвчнийг олж тодорхойлох шинжилгээ юм. Үржүүлгийн ажилтай зэрэгцээд өндөр давтамжтай тохиолддог нижгээд нэр төрлийн удмын эмгэгийг илрүүлэх шаардлагатай. Зарим удмын эмгэг нь шилмэл үүлдэр дунд давтамж өндөртэй байдаг. Харин агаар дусал буюу амьсгалын замаар, амьтдын зүйл хооронд дамждаг зоонозын халдварт өвчин, үржүүлгийн явцад халдварладаг өвчин үүсгэгчдийг олж тогтоох ажлууд нь нийтдээ халдварт өвчний шинжилгээ болно. Тэдгээрийн тухай манай сэтгүүлийн өмнөх дугаарууд дээр дэлгэрэнгүй бичсэн байгаа. Өнөөдөр дотоодод Занааспекс ХХК адууны үржүүлгийн явцад халдварладаг (өдөр тутмын хэллэгээр бол БЗХӨ) 4 нэрийн өвчин үүсгэгчдийг молекул биологийн хэт өндөр мэдрэмжтэй аргаар шинжлэн илрүүлж байна.
Хоёрт, адууны гарал үүслийг эхний байдлаар тогтоох, албан ёсоор пасспортжуулах, эцэг тогтоох шинжилгээ орндог. Үүнийг ганц шинжилгээгээр тодорхой болгоно. Тэр нь өндөр хувирамтгай микросателлит маркерын хэвшинжийг тогтоох шинжилгээ юм. Жишээлбэл тус шинжилгээг адуун дээр гүйцэтгэхэд олон улсын мал амьтны удамзүйн нийгэмлэгийн (ISAG) зүгээс жишиг болсон нийт 17 микросателлит маркерын хэвшинжийг олж тодорхойлж байхыг зөвлөдөг. ISAG хэмээх байгууллагын тухай манай сэтгүүлийн 2-р сарын дугаар дээр гарсан билээ. Өнөөдөр 17 маркерыг хамарч тус шинжилгээг гүйцэтгэх чадамжтай байгууллага дотоодод ганц байдаг нь Занааспекс ХХК юм. Энэ тухай бид өмнөх дугаарууд дээр мөн тайлбарлаж байв.
Доктор Ээмэлин Хилл шинжлэх ухаан ба бизнесийг амжилттай хоршуулсан гэдэг үнэлгээгээр шидлэг энтерпеньё шагналыг 2010 онд хүртсэний дараах зураг. Онлайн мэдээллийн эх үүсвэрээс оруулав.
Гуравт, адууны биеийн үзэмж, үзүүлэлтийн шинжилгээний ажилбар. Биеийн үзэмжийн шинжилгээ гэдэг нь адууны өнгө зүс үр удамд нь хэрхэн удамшдаг, шинж тэмдэг хэрхэн илэрч гарч ирэхийг урьдчилан тооцоолох юм. Биеийн үзүүлэлтийн шинжилгээ гэдэг нь адууны уралдах хэвшинжийг олж тогтоох шинжилгээ юм. Энэ төрлийн шинжилгээ өнөөдөр олны анхаарлын төвд байна. Учир нь биеийн чадамжийн шинжилгээний үр дүн нь адууны уралдах чадварыг урьдчилан таамаглах, үржүүлгийг төлөвлөх, уяа сойлгыг тохируулах иж бүрэн менежментийг хийхэд шууд авч ашигладаг нэгэн хэрэгсэл болж байна. Чухам тус шинжилгээний суурь судалгааг эхлүүлж, цөхрөлтгүй судалсаар салбартаа гийсэн нэгэн бол доктор Ээмэлин Хилл юм. Түүний ололт бол булчингийн эд эсэд ихээр нийлэгждэг миостатин хэмээх уургийн хэвшинж болоод адууны уралдааны чадамжийн хамаарал юм. Миостатин нь амьтдын булчингийн хэвшинж, үйл ажиллагааг цогцлоох олон тооны уургийн ердөө ганц нь. Суурь судалгааг хийх сэжүүр нь юу байв? Европт махны чиглэлийн үхрийн үүлдэр гаргаж авах урт хугацаатай ажлын явцад үхэр дунд булчингийн масс өндөртэй хэвшинж тохиолдож байв. Тус үхэр дунд миостатины өөр өөр сонирхолтой хэвшинж тохиолдож байжээ. Мөн хүмүүс бидэн дунд тамирчдын биемахбодийн онцлог болоод амжилт нь миостатин уургаас хамааралтай байх боломжтой гэж харуулсан, урьдны хүн эмнэлгийн салбарт хийгдсэн урдьны судалгааны ажлууд байв. Доктор Ээмэлин Хилл адуун дээр миостатины хэвшинж ба уралдааны үзүүлэлт хооронд хамаарал бий юу үгүй юу гэдгийг Ирландын нэр хүндтэй их сургуулийн харьяа Хүнс ХАА-н сургуулийн лабораторид 2004 оноос судалж эхэлжээ. Судалгааг thoroughbred бие хийцтэй, үе дамжин тогтмол уралдаанд орж ирсэн олон зуун адуун дээр гүйцэтгэжээ. Морин уралдааны мэргэжилтнүүдтэй хамтарч 5 жил зууралдсан их ажлын үр дүн нь нэгэн хамаарлыг батлан харуулав. Судалгаанд хамрагдсан thoroughbred морьдын миостатин уургийн ген дээр 2 хэвшинж байх бөгөөд эцэг эхээс тэдгээрийг 3 янзаар хоршуулж хүлээн авах боломжтой. Хоршил тус бүр нь адууны уралдааны үзүүлэлттэй шууд хамааралтай байгааг удмын шинжилгээ тодорхой харуулав. Энэ талаар бид та бүхэндээ сэтгүүлийн дараагийн дугаар дээр дэлгэрэнгүй тайлбарлаж үзүүлнэ. Доктор Ээмэлин Хилл судалгааны дүнгээ олон тооны эрдэм шинжилгээний өгүүллээр батлан харуулж, олон хурал дээр танилцуулж ирлээ. Тэрээр олсон зүйлээ 2009 онд оюуны өмч болгон бүртгүүлж, сургууль дээрээ Equinome нэртэй старт-ап компанийг байгуулж, адууны уралдах шинж төлөвийг тооцоолж хэлж өгөх удамзүйн шинжилгээг багахан хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж эхэлжээ. Speed Gene Test хэмээх товч тодорхой нэртэй тус шинжилгээ нь хүлэг морийг тойруулга уралдаанд ямар сунгаанд бэлтгэж сойвол илүү өгөөжтэй байх вэ гэдгийг 90% магадлалтай хэлж өгнө. Хариу нь товч бөгөөд тодорхой. Ердөө 3 боломжийн нэгийг танд хэлж өгнө. Үүнд:
А. Ганц бээрээс дотогш (~1.6 км) ахар зайд уралдахад өндөр хурдтай цойлж давхидаг хэвшинж. Өөрөөр хэлбэл богино зайд эрчтэй тэсрэх бөгөөд төдхөн цуцдаг хэвшинжийн адуу. Уралдааны зай богино байх нь тус хэвшинжийн морьдод тохиромжтой.
Б. Ганц бээр хавьцаа зайд жигд бөгөөд эрчтэй давхидаг хэвшинж.
В. Гараанаас эрчтэй гарахгүй ч бээрээс алс зайд жигд хурдтай, илүү сунасан сунгаан дээр тэвчээр заадаг хэвшинж.
Морин уралдааны зах зээл дээр эхэндээ тус мэргэжлийн үйлчилгээнд хүмүүс болгоомжтой хандаж, харзнаж байв. Шинжилгээ нь өндөр магадлалтай, үнэхээр үнэ цэнэтэй аргачлал юм байна гэдгийг өнөөдөр 2 зүйл батлан харуулж байна. Нэгт, тус шинжилгээний хариу нь уралдааны адууг худалдан авах үнэ ханшийг тогтоох нэгэн хэрэгсэл хэдийнээ болжээ. Адуу наймаалцдаг мэргэжилтнүүд тус шинжилгээн дээр тулгуурлаж эхэлсэн тул морьдын үнэ ханш нь шинжилгээний хариуг дагаад өөрчлөгдөж байна. Хоёрт, адууны нэмэлт тэжээл үйлдвэрлэлээр Ирландын дотоодын зах зээл дээр тэргүүлдэг PlusVital нь Equinome компанийг 2013 оноос хойш худалдан авах талаар ярьж хэлэлцсээр саяхан санасандаа хүрч, ихээхэн үнийн дүнгээр өөртөө нэгтгэж авав. Өнөөдөр Equinome нь PlusVital-ийн нэг хэсэг бөгөөд доктор Ээмэлин Хилл тус компанийн зүгээс санхүүжүүлсэн өргөн цар хүрээтэй удамзүйн цөм төслүүдийг удирдан ажиллаж байна. АНУ, Австрали тэргүүтэй нижгээд улс оронд удамзүйн мэргэжлийн хувийн хэвшлүүд тус шинжилгээг гүйцэтгэх эрхийг худалдан авч, холбогдох зах зээл зогсолтгүй тэлсээр байна.
Ямар нэг зүйлийг нүдээр шинжиж баримжаалж огтлох бус туршилт дээр суурилж бодитоор хэмждэг шинжлэх ухаанч хандлага гээч нь иймэрхүү юм байдаг бололтой. Юутай ч доктор Ээмэлин Хиллийн ажил үйлс нь эд эс дэх олон мянган генээс ганцыг нь цөхрөлтгүй ухаж судалсаар цоо шинэ зах зээлийг бий болгож байгаа биотехнологийн үлгэр жишээ ололт мөн.
Thoroughbred Daily News Ээмэлин Хиллтэй хийсэн ярилцлагыг сийрүүлэн хүргэе.
Адууг шинжлэх ухааны талбар дээр Ээмэлин Хилл бол дэлхийд биш юм гэхэд Ирландад сор болон гийж байгаа нэгэн яах аргагүй мөн. Тэрээр Дублины Их Сургуулийн адууг шинжлэх ухааны профессор, мөн Plusvital компанийн эрдэм шинжилгээ хариуцсан захирлаар ажиллаж байна. Plusvital нь өнөөдөр уралдааны thoroughbred морины үржүүлэг болоод морин уралдаантай холбоотой удамзүйн шинжилгээгээр дэлхийд тэргүүлэгч байгуулага болоод байна. Уралдааны морины удмын мэдээлэл ДНХ-г барьж авсанаар үнэлж баршгүй их зүйлсийг хүн төрөлхтөн олж мэднэ гэж итгэдэг нэгэн бол Ээмэлин Хилл билээ. Одоогоор түүний мэргэжлийн нэгэн амжилт нь морин дээр “хурдны ген” гээч юмыг олж авсан явдал юм. Тэрээр thoroughbred морьдын чухам аль нь богино зайд, дундын зайд, алсын зайд тохирсон бэ гэдгийг та бидэнд эргэлзээгүй хэлж өгнө. Ээмэлин Хилл манай Thoroughbred Daily News-ийн Тэйлор Мэйдтэй энэ долоо хоногт цөөн хором уулзаж санал бодлоо солилцсоныг бид та бүхэнд хүргэж байна.
TDN: Манай АНУ-д шинжлэх ухааны шинэлэг шийдлийг спорт дээр авч хэрэгжүүлдэг үгүйг бид өмнө нь дуулж байсангүй. Адуу үржүүлж уяж сойдог хүмүүс иймэрхүү зүйл мөн огт дуулаагүй байсан. Тэд нарт ийм зүйлийг ойлгуулж хүлээн зөвшөөрүүлэх нь том сорилт байсан байж таарна. Та яаж өөрийн олж мэдсэн зүйлээ бусдад ойлгуулж хүртээл болгож байна?
EH: Хүн бүр генетик, удамшил гэж юу вэ гэдгийг гүнзгий мэдэхгүй ч ерөнхий ойлголттой. Ген гэж юу болох, яаж олж илрүүлдэгийг мэдэхгүй атлаа зарим нэг маань удамшил, шинж тэмдэг хэрхэн дамжиж байгааг их сонирхож ухаж судалдаг шүү дээ. Ургийн бичгийг ухаж судлах, үржүүлгийн явцад таамаглал дэвшүүлэх гээд. Тийм ч учраас бидний судалгааны ажлыг морь сонирхдог хэн ч бай дэмжиж сонирхож ирсэн. Найман жилийн өмнө ажлаа эхлүүлсэн манай компани өнөөдөр 30 гаруй улсад үйлчлүүлэгчтэй, дэлхийд тэргүүлэх адууны үүлдэр угшлийн мэдээллийн сан, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Яг одоо манай байгууллагын хувьд хамгийн эрч хүчтэй үе гэж бид хардаг. Дэлхийд танигдсан цуутай адуу үржүүлгийн мэргэжилтнүүд болоод уяачид манай удамзүйн шинжилгээг үр өгөөжтэй ашиглаж байна. Уламжлалт арга барилтай эхлээд нүүр тулахгүй яах вэ. Гэхдээ манай шинжилгээнд хамрагдсан хэн ч бай хариуг маш өндөр үр дүнтэй гэдгийг олж мэдэж байна. Ийм үр дүнг уламжлалт арга барилаар удамзүйчид тэр бүр хэлж өгч чадахгүй. Тээврийн хэрэгслээр жишвэл машины хөдөлгүүрийн багтаамжийг гаднах бичгийг нь уншаад дүгнэх бус, хамрыг нь сөхөж байгаад задалж үзэх гэж хэлж болох юм.
TDN: Таны хурдны ген бол морин уралдааны салбарт үнэхээр том ололт амжилт яах аргагүй мөн. Одоо танай байгууллага ирээдүйг яаж төсөөлж байна? Дараагийн том ололт юу байх вэ?
EH: Бидний яриад байгаа хурдны ген бол адууны ердөө нэг үүлдэр дээр олж тогтоосон, уралдааны зай талбайтай хамааралтай байдаг ганц л ген юм. Одоо ямар ч амьтны бүх удмын мэдээллийг масс геномын далайцтай ярайтал нь уншаад гаргаад ирдэг шинэ технологи гарч ирсэн нь гайхалтай (Энэ үгээр тэрээр next generation sequencing буюу NGS технологийг хэлж байна. Удмын мэдээллийг тэр чигээр нь олон давталттай, массаар уншиж өгдөг, 2008 оноос хойш эрчээ авсан шинэ технологи юм. Ойрын ирээдүйд тус аргаар хувь хүний удмын бүрэн мэдээллийг 3 хоногийн дотор 30 давтан унших ажлыг 1000 ам долларт багтаан гүйцэтгэх боломжтой болно гэж үзэж байгаа. Хөрвүүлэгч.). Түүн дээр суурилж бид адууны байж болох бүх генийн хэвшинжийг өөрийн сонирхсон шинж чанартай нь холбон судалж, олон шинэ юм олж харахаар шамдан ажиллаж байна. Жишээлбэл нэг үүлдэр бус олон янзын адууны үүлдрийг хамрах бололцоотой болно. Сонирхсон хүлэг морь нь үнэхээр бидний хэлдэгээр “элит” буюу төгс амьтан мөн үү гэдгийг олон генийг хамруулан үзэх, мөн морин тойруулга дээр зүлгэн дээр давхихад тохирсон уу эсвэл элсэн дээр үү гэдгийг хүртэл тун удахгүй таамаглаж хэлдэг болно. Түүгээр үл барам одоогоор бид сонирхсон уралдааны хүлэг морийг 2 наснаас нь эхэлж сойход тохиромжтой юу эсвэл 3 наснаас нь байвал илүү үр дүнтэй юу гэдгийг эхний байдлаар тооцоолоод ялгаж хэлэхэд ойрхон байна. Үүн дээр ажиллаж байна. Энэ ажил их сонирхолтой. Яагаад гэвэл бидний одоогийн байдлаар гаргаж тавьсан генүүд нь морьдын бие физиологи эсвэл бодис солилцооны үйл ажиллагаанд бус, харин зан авир, араншинд нь оролцдог генүүд байгаа. Тархины үйл ажиллагаанд гэсэн үг. Ойрын ирээдүйд яах вэ гэвэл бид адууны удмын эмгэг, эрүүл мэндтэй холбоотой генүүд дээр илүү анхаарч ажиллана. Учир нь өнөөдөр бидэнд илүү чухал зүйл бол морины үзүүлэлт гэхээс илүү эрүүл мэнд юм. Морин уралдааныхан манай шинжилгээн дээр ямар хандлагатай байна вэ гэж та асуусан шүү дээ. International Thoroughbred Breeders’ Federation холбоо өөрийн дүрэм журам дээр шинэ хэсэг оруулсан. Адууны уралдааны чадамжийг тодорхойлдог манай шинжилгээ нь адууны үзүүлэлтийн хэмжүүр байх нь тохиромжгүй бөгөөд гагцхүү нэг хэрэгсэл болгон ашиглана гэж заасан байгаа. Харин адууны эрүүл мэндийн үзүүлэлт, удмын өвчин эмэгийг илүү өргөн хүрээтэй, нарийвчлан гаргаж ирэх удмын шинжилгээг өнөөдөр бүгд дэмжиж байгаа.
TDN: "Энэ адуу бол элит мөн байна" гэж шинжлэх ухаан дээр суурилаад яг таг хэлэх цаг хэзээ ирэх вэ? Өнөөдөр морьд тойруулга дээр гарч ирэхийн урьдаар та “за энэ морь бол элит юм” гэж баталгаатай хэлж өгч чадах уу?
EH: Сая дурдсан шинэ технологийн ачаар бид таны асуултанд хариулж чадна. Гэхдээ яг өнөөдөр бид энэ төрлийн үйлчилгээг зах зээл дээр гаргаагүй байгаа. Учир нь шинжилгээ нь өөрөө асар том ажил учир цаг, хүн хүч их шаардана. Дор хаяж өнөөдөр мэдэгдээд байгаа 20 орчим мянган генийг ухаж судална гэсэн үг шүү дээ. Тиймээс бид олон нийтэд зарлаж зах зээл дээр гаргахгүй байгаа ч өнөөдөр адуу худалдаж авах гэж байгаа хувь хүмүүстэй харилцаж, шинжилгээг гүйцэтгэж, таамаглаж хэлж өгдөг. Удахгүй энэ бүхэн маань өдөр тутмын нэгэн ажилбар болон хөгжиж, олны хүртээл болно гэж бид найдаж байна.
TDN: Олны сонирхлыг татаад байгаа “хурдны ген” гэсэн шинжилгээний хариу үнэнтэй хэр нийцэж байна? Баталгаа хэдэн хувь бэ?
EH: Бидний өнөөдрийг хүртэл хийж ирсэн хурдны ганц генийн шинжилгээний хариу бол гайхалтай. Дэлхийн хаана, ямар газар уралдаж байгаа морьд вэ гэдгээс хамаарч бид олон талын нэмэлт тооцооллыг гүйцэтгээд, тухайн моринд тохирсон уралдааны зайг 98% магадлалтай үнэн зөв хэлж өгч байна. Тухайн морь нь бидний заасан зайнд яг тохирдог гэсэн үг. Өөр нэг шинжилгээ болох “элит морь” мөн үү үгүй юу гэдэг дээр бид морьдыг 4 ангилж хариу гаргадаг юм. Өнөөг хүртэл хийгдсэн шинжилгээний үр дүнгээр 1-р ангиллын морьд нь 4-р ангиллын морьдтой харьцуулахад амжилт гаргасан тоо хэмжээ 2.5 дахин өндөр байна. Тэгэхээр бидний энэ шинжилгээ ч мөн хэрэгтэй ажил юм.
TDN: Би нэг зүйлд гайхаад байдаг юм. Домогт Барбаро хэмээх хүлэг яг нэг эцэг эхийн бусад 4 төл адуунаас огт өөр байсан шүү дээ. Барбаро бол хосгүй хурдан хүлэг байсан. Гэтэл түүний 4 ах дүү хүлэг морьд амжилт үзүүлээгүй. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
EH: Тэр бол яах аргагүй сонирхолтой тохиолдол мөн. Та бид морьдын ургийн бичиг хөтөлж ирсэн энэ урт хугацаанд нэг зүйлийг тооцдоггүй юм. Ургийн бичиг дээр бүх зүйл эмх цэгцтэй, сайхан харагддаг. Хоорондоо ижил, эцэг эхээ дагасан харагдана. Үнэндээ эцэг эхээс удамшиж авч байгаа зүйлс төл бүрт харицан адилгүй. Учир нь ямар ч хүлэг морь эцэг эх тус тусын удмын мэдээллийн тэн хагасыг хоёр талаас эн тэнцүү хүлээж авна. Хромосом гэх биетийг эцэг эх тус бүрээс ганц ганцыг авна гэсэн үг. Эцэг ба эх тус тус өөрийн хос хромосом бүрээс ганцыг үр удамдаа өгнө. Ингэхээр хромосом бүр төл адуунд хоёр талаас хорших бололцоо 4 янз болно. Мөн үүн дээр нэмээд рекомбинаци гэж байгалийн сонирхолтой үзэгдэл явагдана. Энэ нь эцэг ба эх адуунд үржлийн эс боловсрох явцад өвөө эмээгээс нь үлдсэн хос хромосом бүр өөр хоорондоо хэсгүүдээ солилцоод орж ирдэг. Эцэст нь үржлийн эс дэх удмын мэдээлэл бол өвөө эмээ нарын удмын мэдээллийг дахин шигшиж хольсон шинэ хувилбар болно. Ингээд үзэхээр нэг эцэг эхийн 2 төл хоорондоо 50% адилгүй удмын мэдээлэлтэй болж таардаг. Дараагийн үе дээр үеэл хоёрын ижил удмын мэдээлэл үүнээс 2 дахин, дараачийн үед дахиад 2 дахин багасч явна. Товчхондоо адууны уралдах чадамжийг олж хэлнэ гэдэг бол мөнхөд азын сугалаа шиг зүйл байсан, тийм ч байх болно.
Ярилцлага үүгээр дуусч байна. Бид та бүхэнд доктор Ээмэлин Хиллийн “хурдны ген”-ийн шинжилгээ гэж чухам юу болох талаар дараагийн дугаар дээр тайлбарлаж үзүүлнэ.