ISAG - ОЛОН УЛСЫН АМЬТНЫ УДАМЗҮЙН НИЙГЭМЛЭГ ХЭМЭЭХ ЖИШИГ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ БОЛООД БИДНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
УХААНТАЙ МОРЬ СЭТГҮҮЛИЙН 2018 ОНЫ 2-Р САРЫН ДУГААР ДЭЭР ТУС НИЙТЛЭЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ ГАРАХ БОЛНО.
Удамзүйн мэргэжилтнүүд болоод хүрээлэнгүүдийг нэгтгэдэг ISAG - International Society for Animal Genetics хэмээх нэртэй нийгэмлэг бий. Animal genetics эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлүүлэх дээр тогтмол дэмжлэг үзүүлдэг гэдгээр тус нийгэмлэг нь мал амьтны удамзүйч мэргэжилтнүүд дунд нэр хүндтэй. Сэтгүүлийн товч тэмдэглэл нь Anim Genet, бүртгэлийн ISSN дугаар нь 1365-2052 болно. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын удамзүйчид дунд ISAG нь илүү өндөр ач холбогдолтой тул нийгэмлэг гэхээс илүү байгууллага гэмээр.
Тус нийгэмлэгийн гишүүд нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшил, хувь хүмүүс байдгийн дийлэнх нь ХАА ашигтай мал амьтад дээр судалгаа хийдэг юм. Бүртгэлтэй гишүүдийн дийлэнх нь малын эрүүл ахуй, менежмент, бодлогын чанартай захиалгат судалгаа-үйлчилгээ явуулдаг гэхээс илүүтэй удамзүй, биохими, эсийн суурь судалгааны ажлыг хийдэг их дээд сургуулийн харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд юм. Тиймээс салбарын мэргэжилтнүүд хүсэл сонирхлоороо цугласан баг хамт олон гэж үзэх нь зохимжтой. Байгууллагын нэрийг монгол хэл рүү илүү тодорхой хөрвүүлэх юм бол “амьтны удамзүйн нийгэмлэг” гэхээс илүү “мал амьтны удамзүйн нийгэмлэг” гэвэл зохилтой.
Нийгэмлэгийн гол зорилго бол улс, бүс нутаг үл хамаарч амьтны удамзүйн судалгааг гүйцэтгэгч эрдэм шинжилгээний ажилчид, байгууллагуудын харилцаа холбоог зангидаж өгөх юм. Өөрөөр хэлбэл мал амьтны удамзүйч болоод байгууллагууд мэргэжлийн мэдлэг мэдээллээ хуваалцах, ижил төрлийн ажлын аргазүйг хамтдаа сайжруулах, нэгдсэн аргазүйг хөгжүүлэх нэгэн том уулзалтын танхим гэж төсөөлж болохоор. Бусад нийгэмлэгийн адилаар хэн ч бай жилийн хураамжаа төлөөд гишүүн болох боломжтой.
(Таних тэмдэгийг онлайн эх үүсвэрээс авч оруулав)
ISAG-ийн гишүүн болсоноор салбарын эрдэм шинжилгээний хүрээлэлд нэвтэрнэ. Мэргэжлийн зарим нэг нэр хүндтэй сэтгүүл, хэвлэмэл, ном бичиг зэрэг мэдээллийг тогтмол хүртэх, тусгай үнээр худалдаж авах, хурал чуулганаар салбарын мэргэжилтнүүдтэй нүүр тулах, үр дүнгээ хуваалцах, санал бодлоо солицох ач холбогдолтой. Хувь хүн, байгууллага мэргэжлийн ур чадвараа сорих, сайжруулах бололцоо хязгааргүй. Товчхондоо салбарын мэдээлэл тун хүртээмжтэй орчинд орж, олон улсын хэмжээнд орших гэсэн үг юм. Тус нийгэмлэгийг одоогоор хонины удамзүйн шинжилгээний салбарт урдаа барьдаг, АНУ-ын нэр хүндтэй профессор Жэймс Кийяас (James Kijas) гуай удирдан ажиллаж байна. Нийгэмлэгийг удирдах хүнийг гишүүдийн санал асуулгаар сонгодог.
ISAG олон тооны мэргэжлийн ажлыг тогтмол авч хэрэгжүүлдэгийн нэг нь мал амьтны зүйлийн бүлгэмдэл, үүлдэр, угшил тогтоох молекул биологийн аргазүй, үр дүнг олон улсын хэмжээнд нэгтгэх, хэвшүүлэх юм. Үүнийг үхрийн бүлгэмдэл, үүлдэр, гарал үүслийг тогтоох молекул биологийн шинжилгээгээр жишээлж тайлбарлая. Харьцуулах шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн гишүүн байгууллагууд руу ISAG нь олон үүлдэр омгийн үхрийн удмын мэдээллийг шуудангаар илгээнэ (ДНХ дээж). Дээж бүр дээр олж тодорхойлох шаардлагатай удамзүйн маркерын жагсаалтыг дээжийн хамт илгээж, шинжилгээний хариуг тогтсон хугацаанд илгээхийг шаардана. Удамзүй, молекул биологийн мэргэжлийн хэллэгээр бол ямар микросателлитын ямар хэвшинж байгааг олж илрүүлж тайлагнах даалгавар юм. Лабораториуд өөрийн тогтсон аргазүйн дагуу шинжилгээг гүйцэтгээд, үр дүнгээ боловсруулаад, эцсийн хариуг албан ёсоор илгээнэ. Энэ зуур ISAG нь гишүүн байгууллагуудын хураамж төлбөрийн эх үүсвэрийг ашиглаж олон улсад итгэмжлэгдсэн 1-2 байгууллагаар ижил шинжилгээг урьдчилж хийлгэсэн байдаг. Гишүүн байгууллагуудын шинжилгээний хариуг өөр хооронд нь болоод жишиг байгууллагын хариутай харьцуулж үнэлж дүгнэнэ. Ийм арга хэмжээг зохион байгуулах зорилго бол ижил төрлийн оношлогоо судалгааны аргачлалыг дэлхий нийтээр нэг ижил үнэлгээ, хэмжүүртэй болгох юм. Дагаж мөрдөх албагүй ч жишиг “норматив” бий болгох гэсэн үг юм.
Үүнтэй адил адуу, хонь болоод ямаа, нохой, тахиа, тэр ч байтугай хүнсний загасны зүйлүүд, өмнөд америкт МАА-д ашигладаг лам гөрөөс зэрэг үржил шимтэй мал амьтны зүйл дээр дүйцүүлэх шинжилгээний туршилтын дээжийг илгээх боломжтой. Үр дүн гарсаны дараагаар бүх гишүүн байгууллагууд руу эрдэм шинжилгээний уулзалтын урилгыг ISAG илгээнэ. Хурал чуулган бүрээр модератор буюу арга хэмжээг удирдан зохицуулах гишүүдийг чөлөөт санал асуулгаар сонгодог. Хоёр жил тутмын хурал дээр дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид болоод залуу эрдэмтэн судлаачид чөлөөтэй харилцаж, дүйцүүлэх шинжилгээний нэгтгэсэн үр дүн дээр нэгдсэн шийдэлд хүрнэ. Харьцуулах шинжилгээний үр дүн, холбогдох мэдээллийг нийгэмлэгээс гадуур олон нийтэд үзүүлэхгүй нууцална. Харьцуулах шинжилгээнд хамрагдсан байгууллага өөрийн хүсэлтээр ISAG-аас тодорхойлолт, тайлбар авч болно. Тус тодорхойлолт дээр “шинжилсэн мал амьтны зүйл дэх удамзүйн жишиг шинжилгээг ийм ийм аргачлалаар ....% үзүүлэлттэй өгсөн бөгөөд нийт .... лабораторийн дундажтай дүйцэж, ийм ийм шаардлага хангаж, .....% дүйцэхээр гүйцэтгэсэн байна” гэж албан ёсоор дурдаж өгсөн байна.
Энэхүү олон улсын хэмжээний ажилбар дээр 2 зүйлийг тодруулах нь зүйтэй. Үүнд НЭГТ, тус дүйцүүлэх шинжилгээний ажилбар нь шалгалт, албан үнэлгээ биш. Та бидний мэргэжлийн лаборатори тус нэгдсэн арга хэмжээнд хамрагдсанаар ямар нэг шалгалт, үнэлгээнд хамрагдаж байгаа явдал биш. ISAG нь мэргэжлийн ажилбарын үр дүнг өөр мэдээллийн эх үүсвэрт тавихгүй, бусадтай хуваалцахгүй, ямар нэг үнэлгээнд ашиглахгүй, тухайн байгууллагыг “сайн байна / муу байна” гэсэн дүгнэлт гаргахгүй. ХОЁРТ, дүйцүүлэх шинжилгээнд оролцсон байгууллага нь ISAG нэр дор мэргэжлийн батламж, тодорхойлолт, гэрчилгээ зэрэг зүйлсийг авахгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэх эрх, болзол хангаж байна / хангахгүй байна гэсэн албан тодорхойлолт авахгүй. ISAG нь чөлөөт нийгэмлэг бөгөөд удамзүйн шинжилгээн дээр шалгалт хийж албан ёсны үнэлгээ өгдөг байгууллага биш юм. Хамрагдсан байгууллага буюу хувь хүн нь тус ажилбарт итгэмжлэгдсэн, шинжилгээг гүйцэтгэх мэргэжлийн албан ёсны үнэлгээ авсан гэж өөрийгөө үнэлэх нь ёсзүйн хувьд зохимжгүй. Өөрийн мэргэжлийн аргачлал нь нэр хүндтэй бусад жишиг байгууллагын хариутай дүйцэж байна уу, хүссэн үр дүнг нь үзүүлж байна уу үгүй гэдгийг өөртөө зориулж мэдэж авах нь гол зорилго юм. Цаашид аргазүй дээрээ ямар шинэчлэл хийх, удамзүйн аль маркер дээр аргачлалаа сайжруулах шаардлага байгааг өөртөө үнэлгээ өгч баримжаална. ISAG нь үүнийг гагцхүү зохион байгуулж, ажилбарыг хялбарчилж, олон байгууллагуудыг нэг дор зэрэгцүүлж уулзуулж өгч байгаа нийгэмлэг юм.
Лабораториуд ISAG-ийн зохион байгуулдаг тус ажилбарыг томоохон боломж гэж үзэх нь зүйтэй. Одоогийн аргазүйг шинэчилсэн, сайжруулсан шинэлэг аргачлал оруулсан бол түүнийгээ бусдад танилцуулах, түгээх, сурталчлах, цаашлаад арын тайзан дээр зах зээл, бизнесийн түншээ олж авах боломжтой. Биотехнологийн жижиг компаниуд хөл дээрээ босч ирэх нэг боломж мөн. Иймэрхүү бизнес, биотехологийн салбарын зах зээл дээрх ашгийн үйл ажиллагааг ISAG ил тод дэмжихгүй бөгөөд ямар нэг байгууллагын нэрийг ашиглахгүй, бизнесийн үйл ажиллагааг сурталчилдаггүй. Үүнийг нийгэмлэгийн үндсэн дүрэмд заасан байдаг. ISAG болоод түүнтэй ижил төстэй, дэлхий дахинд танигдсан нийгэмлэг, холбоодоор мэргэжлийн үйл ажиллагааныхаа чадамж, үр дүнг баримжаалж олж харах нь Монголд хувийн болоод улсын гэлтгүй мэргэжлийн лабораториудын хийж үзэхэд буруудахгүй ажил юм. Үүнд жишээлбэл Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн адууны шинжилгээг гүйцэтгэдэг бааз хангамж, мал амьтны удамзүйн шинжилгээг гүйцэтгэх зорилгоор ирээдүйд зайлшгүй босч ирэх хувийн хэвшил, мэргэжлийн судалгааны хүрээлэн зэрэг болно. Ялангуяа малын удмын санг олж таних, хамгаалахтай холбоотой хууль дүрэм баталсан гэж байгаа ч суурь судалгааг хийн аядаж байгаа манай улсын хувьд олон улсын хэмжээнд мэргэжлийн арга барилаа бодитоор дүгнэх дээр авч хэрэгжүүлэх наад захын ажилбар мөн. Тус нийгэмлэгийн авч хэрэгжүүлдэг арга хэмжээг удамзүйн мэргэжил, шинжлэх ухааны талаас харвал ийм байна.
Харин үйл ажиллагааг нь бизнес, аж ахуйн өнцгөөс шагайх юм бол дутахгүй сонирхолтой дүр зураг харагдана. Өнөөдөр адуу, үхэр, нохойн үүлдэр, гарал үүслийг тогтоодог, дэлхий даяар ашигладаг молекул биологийн шинжилгээний урвалж материал, оношлуурыг Финляндын Finnzymes хэмээх биотехнологийн компани гаргадаг. Тус брэндийн цомог урвалж нь албан ёсны оношлогооны бус туршилт судалгааны зориулалтаар үйлдвэрээс гардаг. Бүтээгдэхүүнийн гол үнэт зүйл бол адууны удамзүйн салбарт хийгдсэн олон жилийн суурь судалгаа юм. Олон тооны судалгааны үр дүнг нэгтгэж, дэлхийн өнцөг булан бүр дэх адууны удмын микросателлит мэдээлэл дундаас баталгаатай шалгарсан маркерууд, тэдгээрийг бодгаль бүрт өндөр нарийвчлалтай ялган дүйх урвалын гоц жор, шийдэл нь нөр их ажлын үр дүн. Үүнд бүх тивээр тархсан адууны олон арван үүлдэр, бүлгэмдэл, нутгийн угшил хамрагдсан. Хангалттай тооны монгол адууны удмын мэдээллийн сан ч үүнд хувь нэмрээ оруулсан байдгийн дийлэнх нь Япон, Хятадын их дээд сургуулиуд дээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлээр дамжсан байдаг. Цомог урвалжийн шийдэл, жор, олж тодорхойлох микросателлитын нэр төрөл нь эрдэм шинжилгээний мэдээллийн сан шинэчлэгдэхтэй зэрэгцэн зогсолтгүй хөгжиж байдаг. Бүтээгдэхүүнийг нь хувийн болон улсын мэдлийн эрдэм шинжилгээний байгууллагууд дэлхий даяар тогтмол ашигладаг жишиг нэгэнт тогтжээ. Мөн олон тооны лабораториуд, үүнд ялангуяа ОХУ, Иран, Өмнөд Америкийн улс орнуудад тус цомог урвалжтай ижил аргачлал, бодис урвалжийг бие даан бэлтгэх, эсвэл яг ижил урвалжийг шууд хуулбарлаж ашигладаг. Ингэхдээ улсын мэдлийн эрдэм шинжилгээний байгууллагууд ашгийн бус, зөвхөн судалгааны зориулалтаар ашиглаж байгаа цагт ямар нэг оюуны өмчийн асуудал хөндөгдөхгүй. Харин аж ахуйн нэгжүүд ижил төстэй аргазүйг ашгийн зориулалттай ашиглавал асуудал босч ирнэ.
Дэлхий нийтэд жишиг болсон, өндөр чанартай тус бүтээгдэхүүнийг сайжруулах суурь мэдээллийн нэг суваг нь ISAG юм. Үүнийг мэргэжлийн хүрээнд ил тод зарладаггүй ч дөрвөн зүйлээр хялбархан олж харж болно. Үүнд нэгт, ISAG-ийн гишүүн байгууллагууд дунд Finnzyme компанитай нягт хамтран ажилладаг, европын урдаа барьдаг их дээд сургуулиудын лабораториуд байдаг. Хоёрт, ISAG-ийн үйл ажиллагааг биотехнологийн салбарт дэлхийд толгой цохьдог хувийн хэвшлийн нэг болох Thermo Fisher тодорхой хүрээнд, журмын дагуу дэмжиж ажилладаг. Finnzyme компани нь Thermo Fisher компанийн нэг хэсэг болсон гэдгийг дурдах нь зүйтэй. Цаашид мал амьтны удамзүйн шинжилгээний асар их мэдээллийг ISAG-аар дамжуулж том том хувийн хэвшлүүд ухаалгаар тоглолт хийх жишиг хэвээр байх болно. Гуравт, ISAG ашгийн чанартай үйл ажиллагаанд шууд утгаар оролцохгүй гэж дүрэм дээрээ заасан байдаг ч “лабораториудын удамзүйн шинжилгээний ажилбарт жишиг “норматив” бий болгох үүднээс нэг ижил үзүүлэлттэй урвалж бодисыг хүртээл болгох” гэсэн утга бүхий сонирхолтой үг үсэг агуулагдсан байдаг. Шууд бус утгаар Finnzyme компанийн эсвэл түүнтэй дүйцэх жишиг болсон цомог урвалж, оношлуурыг нийтээрээ ашиглахыг дэмжих гэх маягтай харагдаж байна. Дөрөвт, нэр хүндтэй гишүүд дунд АНУ болон Европын салбарын их дээд сургуулийн нэртэй судлаач, биотехнологийн бизнесийн салбарт амжилт гаргасан хүмүүс цөөнгүй байдаг. Зөвхөн Thermo Fisher гэлтгүй, Голланд, АНУ, Ирландын зарим нэг биотехнологийн компанид хамааралтай мэргэжилтнүүд, нэртэй судлаачдыг та бүхэн олж харах боломжтой.
Биотехнологийн зах зээл дээр хувийн хэвшлийг хөгжүүлэх далд гэмээр нэгэн түшиг болж байгаа ийм үйл ажиллагааны арга барилыг та бид “ашгийн бус нийгэмлэг нь ашгийн байгууллагуудтай ёсзүйгүй хэлхэлдсэн” гэж дүгнэвэл учир дутагдалтай юм болно. Харин ч адуу зэрэг бусад мал амьтны удамзүйн шинжилгээний нэр төрөл, үзүүлэлт, чанарыг өндөр түвшинд барих, шинжлэх ухааны ололт амжилтыг өндөр үр дүнтэй хүртээх тал дээр одоогоор байж болох хамгийн зөв арга зам юм гэсэн эерэг үнэлэмж өгвөл зохино. ISAG-ийн үйл ажиллагаанд ямар нэг улсын байгууллага оролцдоггүй. Мэргэжлийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачдыг хувийн хэвшил болоод улсынх нь шинжлэх ухааны салбар шууд бусаар дэмжиж байгаа үйл ажиллагаа ийм байдаг бололтой.
ISAG-ийн дурдсан үйл ажиллагаа Халтарын Лувсанбалдангийн нэрэмжит Монгол Адууны Удмын Мэдээллийн Сан (МАУМС) хэмээх байгууллагад өндөр ач холбогдолтой. МАУМС дотоодын үйлчлүүлэгчдэд өнөөдөр үзүүлж байгаа адууны удамзүйн шинжилгээнд 100% бие даан боловсруулсан, Zanaspex Equine 17plex шинжилгээний цомог урвалжийг ашигладаг. Тус шийдэл нь дурдсан Finnzymes-ийн алдартай цомог урвалжийг амжилттай хуулбарлаж авсан хувилбар бөгөөд үзүүлэлтээр 95-100% дүйцдэг, 2 жилийн их ажлын үр дүн юм. Zanaspex Equine 17plex цомог урвалж болоод холбогдох бусад аргазүйг энэ онд багтаад Колумб улс, ирэх буюу 2019 онд Хятад, Казахстаны (тус улсын борлуулагч нь Туркменистан, Тажикистан зэрэг “станы” орнуудыг мөн хариуцна) зах зээлд тус тус нэвтрүүлэх нь тодорхой болж байна. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх өөрийн бүтээгдэхүүнийг ижил хувийн болоод улсын эрдэм шинжилгээний байгууллагуудынхтай харьцуулах, үнэлгээ авах хамгийн дөт арга зам бол ISAG юм. Өнөөдөр МАУМС үзүүлж байгаа адууны микросателлитын шинжилгээ нь ISAG-ийн 2016 онд нийт гишүүдийн дийлэнхийн саналаар дагаж мөрдөхөөр тогтсон, удмын мэдээлэл дээрх 17 байрлалыг онож шинжлэх аргачлалтай 100% дүйцдэг. Үүнд хүйс олж тодорхойлох 1 маркер болоод адууны үүлдэр угшил бүрт харилцан адилгүй давтамжтай тохиолддог 16 маркерын хэвшинжийг нэгэн дор гаргаж ирнэ (AHT04, AHT05, ASB02, ASB17, ASB23, CA425, HMS01, HMS02, HMS03, HMS06, HMS07, HTG04, HTG06, HTG07, HTG10, LEX33, VHL20). Шинжилгээний хариу нь АНУ-ын Кэнтаки болон Калифорнийн нижгээд их дээд сургууль, Солонгос болон Хятадын дотоодын стандартыг баримталж гүйцэтгэдэг мэргэжлийн шинжилгээний байгууллагуудын үр дүнтэй 100% дүйцдэг. Дурдсан бүх байгууллагууд нь ISAG-ийн гишүүд бөгөөд шинжилгээнийх нь хариу өндөр үзүүлэлттэй гардаг юм. Адууны удамзүйн энэхүү шинжилгээг хэрхэн хийдэг, үр дүн яаж харагддаг тухай ерөнхий мэдээллийг МАУМС-ийн вэб хуудас www.hangal.mn дээрээс олж авч, татаж болно. Мөн манай Ухаантай Морь сэтгүүлийн өмнөх дугаарууд дээр гарсан билээ. Нэг ба түүнээс дээш тооны адууг хооронд нь дүйцүүлж үзэх (эцэг болон эх тогтоох, нэг эцэг болон эхийн үр төлийг олж тогтоох г.м.) аргачлал нь тус микросателлит маркерын багц шинжилгээ бөгөөд ISAG-ийн тогтсон жишгээр бол дор хаяж 8 маркерын хэвшинжийг нэгэн зэрэг тодорхойлж харьцуулах шаардлагатай. Тус тоо нь 12 жилийн өмнө 6 байсан ч босго аажмаар өсч иржээ. Дурдсаны дагуу Finnzymes-ийн үйлдвэрлэж гаргадаг, дэлхийд нэртэй Equine genotyping цомог урвалжийн хамгийн сүүлийн хувилбар нь ISAG-ийн 16+1 маркерын хэвшинжийг олж тогтоох зорилготой юм. Мөнхүү цомог урвалжийг Thermo Fisher–ээс манай улсад Мал Эмнэлгийн Хүрээлэн энэ оноос анх удаа авч ашиглаж, эхний байдлаар турших ажиллагаа эхлэх гэж байгаа нь сайшаалтай. Цаашид өндөр үнэтэй тус уралжийг чанар болоод нарийвчлалаар 100% ижил үзүүлэлттэй дотоодын урвалжаар орлуулсах замаар шинжилгээний зардлыг даруй 2 дахин багасгах боломжтой болох юм.
ISAG хэмээх байгууллагыг судлахын хэрээр манай улсад адуу сонирхогч та бид ямар байдалтай, ямар хүсэл эрмэлзэлтой, юу хийж бүтээх сонирхолтой байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Монгол улсад нутгийн угшил, импортын адуу, дундаас нь гаргаж авсан эрлийз адууг өөр хооронд нь ялгах, хурдан морь гэж ямар адуу болохыг заах гээд олон зүйлсийг зэрэгцүүлсэн шийдэл, дүрэм, мэргэжлийн ажилбартай болох талаар 10 жил дамнаж аядуухан ярьж хэлэлцэж явсаар сүүлийн 2 жилд огцом гэмээр идэвхтэй, олон адуучид болоод морь сонирхогчдыг хамарч хэлэлцэж байна. Ямар нэг шийдэлд хүрэх эхлэл тавигдсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Урт хугацаанд үргэлжилж байгаа нь ГУРВАН суурь ужигтай. НЭГТ, адуу хэмээх амьтан, морин уралдаан, нутгийн угшил гэж юу вэ гэх зэрэг ойлголтыг тус тусад нь ч тэр, багцаар нь ч тэр эхнээс нь зөв зүйтэй бичиглэх шинэ суурь ойлголт бий болгох дээр ардын уламжлалт арга барилыг шинжлэх ухаан, олон жилийн туршид бэлтгэгддэг нарийн мэргэжилтнүүдтэй хослуулах ур чадвар бидэнд сох дутагдаж байна. Хослуулах шаардлагатай тус хоёр зүйлийн хоёр дахийг нь бид үнэлэхгүй, ойшоохгүй байна. Үүний шалтгаан нь дургүй байгаадаа бус, морь сонирхдог олон түмний маань наад захын байгалийн ухааны суурь мэдлэг (ерөнхий боловсрол), шинжлэх ухаанд өгөх үнэлэмж дэндүү доогуур байна. Үүнээс болоод шинжлэх ухааныг ухуулах, цэгцтэй ойлгуулах, суурь хандлагыг шинэчлэх гол ноён нуруу болох нарийн мэргэжлийн хүмүүс хангалтгүй бэлтгэгдэж байгаа бололтой. Хангалттай бэлтгэгдэх мэт харагдах ч дийлэнх нь гадагшаа яваад эргэж ирдэггүй, ирсэн хэд нь цөөдөж, магадгүй мэргэжлийн ур чадвар дутагддаг бололтой. Тийм болохоор олон тооны адууны холбоод ямар нэг шинэ шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулдах чадамж хомс байдаг. ХОЁРТ, адууг сонирхох гэж чухам юу болох, адууны холбоод яах гэж байгуулагддаг, зорилго юу болох, өнөөдөр юу хийх ёстой зэрэг зүйлсийг цаасан дээр шивдэг ч төлөвшил байхгүй байна. Үүнийг тодорхой харуулах зүйлс бол морьтон та бидний өнөөгийн төрх. Захаас нь дурдвал 4 жил тутамд манай улсад явагддаг, адуутай огт холбоогүй үйл ажиллагаанд адууны холбоод шууд бусаар оролцдог, холбоод хоорондын нэгдсэн ашиг сонирхол ажиглагддаггүй (тэгэхээр ур чадвар сайжруулах, санал идэвхтэй солилцох талаар горьдолтгүй), гишүүд болох хувь хүмүүсийн зүгээс холбооны санд оруулах мөнгөний хэмжээ нь өчүүхэн буюу цөөн тооны хувь хүний мөнгөн дээр дэнжигнэдэг (үнэнхүү дэнчин тавьж өндөр ач холбогдол өгч байгаа бол ямар ч холбоо хангалттай сангаар босч ирэх учиртай хэдий ч манай холбоодын өнөөгийн дүр төрх бол өгсөн жаахан мөнгө нь шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад зарагдаад дуусдаг бололтой), жилдээ ганц нэг болдог чөлөөт маягийн уулзалт дээр гишүүд шинэ зүйл санал болгох нь ховор байдаг гээд тоочоод баршгүй. ЭЦЭСТ НЬ, ижил зүйл сонирхдог, хүсэл эрмэлзэл нэгтэй, ашгийн бус сонирхлоор нийлж холбоо байгуулагддаг юм байна, асуудлыг өөрсдөө олж хараад бие даан шийддэг юм байна гэдгийг бид анхнаасаа ойлгоогүй. Өөрөөр хэлбэл адуутай холбоотой ямар л асуудал байна, тэрийг нь холбоод өөрсдөө шийдэх ёстой гэсэн үзэл баримтлал суугаагүй. Адуутай холбоотой бүх асуудлыг ямар нэг дээд түвшний байгууллага та бидний өмнөөс шийдэж өгч магнай тэнийлгэх ёстой гэж үздэг. Жишээлбэл адууны эрлийз болоод нутгийн угшил өөр хооронд нь ялгах шийдэлд хүрэх гэж бүх л холбоод олон жил толгой гашилгаж байгаа мэт харагдавч “энэ асуудлыг ямар нэг холбоод биш харин улс, түүний ямар нэг мэргэжлийн байгууллагууд шийдэх цаг хэзээ нэгэн цагт ирэх бөгөөд энэ нь бидний үүрэг хариуцлага биш, бид зөвхөн зовлонгоо тоочвол барав” гэсэн та бидний хандлага юм. Холбоод маань наадмын цуврал уралдааны араас хэдхэн хоног зовлонгоо тоочиж сууж байгаад эргээд тараад явчихдаг, хэсэг цагаа хамт өнгөрөөж буу халдаг адуучид гэвэл зохино. Хувиараа адуу өсгөн үржүүлж байгаа ажил нь та бидний өөрсдийн сонирхол. Тэгсэн атлаа хувийн адуугаа уралдуулах, өсгөн үржүүлэх, тулгарсан ямар нэг асуудлыг биднээс огт өөр, улсын маань ямар нэгэн агентлаг, мэргэжлийн байгууллага нь сүр дуулиантай хуулийн заалт, дүрэм журмаар зохицуулахыг хүлээж суудаг нь та бидний жинхэнэ хандлага юм. Өрөөлийн адууг маллаад, жүчээд, дургүй ажлаа хүчээр хийж байгаа хүмүүс гэсэн гаргалгаа гарч ирж байна.
Өнөөгийн хандлага өөрчлөгдөхөөс өөр замгүй. Өөрчлөгдөж байгаа. Гагцхүү хэр хурдан бэ гэдэг дээр бидний зүгээс мэдэж таамаглах боломж хомс байна. Ямартай ч сүүлийн үед адуутай холбоотой илүү шинжлэх ухаан талаас сэдэв хөндөх, хэлэлцэх, сургалт зохион байгуулах ажлууд хийгдэж байгаад баяртай байна. Жишээлбэл энэ он гарахтай зэрэгцээд Монголын Адууны Судалгаа Хөгжлийн Төв, Үндэсний Адууны Клиник нь адуу сонирхогч уяачдад зориулсан хурдан морины цуврал лекц болоод уулзалтыг зохион байгуулав. Үүнд адууны уяа сойлго, арчилгаа, зарим нэг эмгэг болоод гэмтэл зэргийг шинжлэх ухаанч талаас авч үзэж байгаа нь сайшаалтай. Эхлээд бид өөрсдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Ингэхийн тулд хувь хүн бүр мэдлэгээ зогсолтгүй баяжуулж, мэлмийгээ тэнийлгэх, мэдээллийн дундаршгүй эх ундаргаас идэвхтэй хүртэж баймаар байна.