МОНГОЛ АДУУ БА ЭРЛИЙЗ АДУУГ ЯЛГАХ АНХНЫ БОДИТ ГАРГАЛГАА
Ойрын жилүүдэд үндэсний маань морин уралдааны зохион байгуулалт дээр томоохон өөрчлөлт хийгдэж эхэлнэ гэж удамзүйч мэргэжилтэн бид нар найддаг юм. Чухам мөрөөдөл хэвээр байх уу эсвэл бодитоор хэрэгжих үү гэдэг нь бидний ур чадвар, морьтон олны тусгал, үзэл бодол нэг чигтэй болохоос шууд шалтгаална. Бид цаашид шинжлэх ухаанчаар нэн түрүүнд хийх өөрчлөлт, ажлуудыг дэс дараагаар нь жагсаах аваас,
1. Нутгийн унаган адуу болох монгол морийг бусад адууны үүлдэр угшлаас ялгах жишиг стандартыг шинэчлэн тогтооно. Тус стандарт нь ултай, гаргалгаатай, шинжлэх ухаан дээр суурилсан, мэргэжлийн аргачлалыг баримтлах нь мэдээж. Аргачлал нь 21 аймгийн нутгийг хамарч түүвэрлэсэн дор хаяж 30,000 адууны удмын мэдээлэл дээр үндэслэж боловсруулагдана. Ийм өргөн цар хүрээтэй судалгаан дээр суурилсан аргачлал нь монгол адуу гэж юу вэ гэсэн хариултанд баттай хариулт өгөх нь мэдээж.
2. Стандартыг хэрэгжүүлж эхлэхэд уралдаанд орох хүлэг морь нь анх уралдсан насан дээрээ нэгдсэн бүртгэлд орж, удам угшлийн пасспорттой болж, түүнийг нь цаашид баримтлах болно.
3. Шинэ стандартыг мөрдөж эхлэхтэй зэрэгцээд морин уралдаан дээр тавигддаг “монгол” болоод “эрлийз” уралдааныг ялгах дүрэм журмыг шинэчилж хэрэгжүүлнэ. Энэ нь удмын бичиглэл дээр суурилсан, шаардлагатай бол сэрвээний өндрийг мөн баримталсан байх юм. Сэрвээний өндөр баримтлах уу гэдэгт та бүхний оролцоо шийдэл чухал. Морьтон монголчууд та бид монгол морь, эрлийз морь гэсэн хэлбэр дүрсгүй, хувь хүн бүрийн мэдрэмж дээр суурилсан цэц будаалддагаа зогсоож, үндэсний баяр наадам, уралдаан бүрийн араас дагадаг эрээ цээргүй хэрүүл маргааныг үгүй хийх хэрэгтэй байна.
Тус гурван шаталбарт ажлууд хоорондоо цаг хугацааны том заагтай гэж ойлгох нь эндүүрэл юм. Ажлууд бүгд ээлж дараатай хийгдэнэ гэхээс илүү нэг нь нөгөө дээрээ түүчээлж зэрэг зэрэг боловсрон бойжиж, хэрэгжиж эхлэх юм. Шинжлэх ухаан, залуу мэргэжлийн боловсон хүчин та бүхнийг уриалан дуудна. Та бүхэн дэмжиж хүч түрж өгөх нь гарцаагүй.
Дурдсан гурван шаталбартай ажлын эхний хоёр нь 100% мэргэжлийн аргачлал дээр суурилна. Хувь хүний үзэл бодол, үндэсний ёс жаяг, нийгмийн анги давхрага, ашиг сонирхол тэргүүтэй “шинжлэх ухааны бус” ямар ч хүчин зүйлийг огт авч үзэхгүй. Харин дээрх шинэчлэлүүдээс томоохон учир холбогдолтой ажил буюу монгол ба эрлийз морьдын уралдааныг цэгцлэх шинэ дүрэм журмыг боловсруулахад шийдэлд хүрэх гол хүчин зүйл нь яалт ч үгүй үндэсний морин уралдаан сонирхогчдийн зөв зүйтэй үзэл бодол байх юм. Гэхдээ наргиантай хэлбэл та бүхний баруун тархин дээр суурилсан, зөвхөн өнөөдрөө гэсэн анхны мэдрэмж болоод сэтгэлийн хөөрөл бус, гагцхүү зүүн тархин дээр суурилсан утга учиртай, алсаа бодсон “жинхэнэ үзэл бодол” хэрэгтэй байна.
Морьтон монголчууд та бүхний санал бодлыг сонсох үүднээс “МОНГОЛ МОРЬ БА ЭРЛИЙЗ МОРЬ ГЭСЭН ХОЁР ОЙЛГОЛТЫГ ХИЛЛЭХ УЛААН ШУГАМЫГ ХААГУУР ТАТАХ ВЭ” гэдэг асуултыг та бүхнээс юун түрүүнд асууя. Өөрөөр асуух юм бол, чухам хэдэн үеийн өмнө гадны үүлдэр угшлаар цус сэлгэсэн хүлэг морийг эрлийз гэж дуудах вэ? Өөрөөр асуух юм бол “НЭГЭНТ ЦУС СЭЛГЭСЭН АДУУГ ХЭДЭН ҮЕИЙН ДАРААГААС МОНГОЛ АДУУ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ” гэсэн асуулт юм?
Энэ асуултад хариулт өгөхөд таны санаа бодлыг чиглүүлэх үүднээс жишээ тайлбарлая. Зураг-1 дээр нэгэн аймгийн нэгэн уяачийн нэгэн хурдан азарганы дээшээ 4 үеийг харуулсан ургийн модыг бүдүүвчилж үзүүлэв. Удмын бичиглэл дээрх нэгж адуу бүр даага эсвэл шүдлэн насандаа дотоодын баталгаатай шинжилгээнд хамрагдаж (олон улсын зохих үнэлгээний байгууллагаар шалгагдаж батлагдсан), Монгол Улсын Адууны Удмын Мэдээллийн Нэгдсэн санд бүртгэлтэй гэж үзье. Монгол адууны болоод гадны үүлдэр угшлийн цус тус тус хэдэн хувьтай болохыг өндөр нарийвчлалтай, хувиар (%) хэлж өгөх арга технологи нэгэнт бий тул энэхүү зураглалд тээнэгэлзэх зүйл байхгүй юм. Ийм орчин үеийн аргачлал хэдийнээ бий болсон бөгөөд Монголд хүний нөөц байгаа цагт ойрын хугацаанд хэдийд ч нэвтэрч болно. Энэ жишээн дээр үзэхэд бидний сонирхсон хурдан азарга 6.5% гадны үүлдэр дагаж орж ирсэн бодит удмын мэдээлэлтэй байна. Учир нь түүний эцгийн талын 4 үеийн дээрх, хүнээр ярьвал хуланц өвөө нь импортоор орж ирсэн цэвэр араб цустай азарга байжээ. Сонирхсон хүлгийн бусад элэн хуланц гээд эцэг болоод эхийн талд өөр гадны үүлдэр цус холилдоогүй нь батлагдсан байна. Тийм болохоор байгалийн жам ёсоор тус хүлгийн эцэг нь 12.5%, өвөг эцэг азарга нь 25%, элэнц өвөө азарга нь 50% тус тус араб үүлдрийн адууны цустай. 4-р үеийн эрлийз маань сэрвээний өндөр нь шаардлага хангасан ч гадаад төрх нь эгэл бус. Та бидний аль нэг нь ийм 4-р үеийн эрлийз буюу 6.25% гадны үүлдрийн хольцтой (93.75% монгол адууны цустай) хүлэг морьтой байсан бол түүнийгээ нутгийнхаа уралдаанд сойх уу, эсвэл эрлийз адууны уралдаанд сойх уу? Энэ асуултанд та бид гадаад өнгө үзэмжээр бус удмын бичиглэлээр нь хариулт өгөх нь зүйтэй. Олон нийт санал нийлж байгаа бол шинэ журам нь чухамдаа “тухайн адуу сэрвээний өндрийн шаардлага хангасан тохиолдолд 4 ба түүнээс дээш үеийн өмнө цус сэлгэсэн морьдыг монгол морины уралдаанд орохыг зөвшөөрнө” гэсэн ганц өгүүлбэр нь шинэ журмын түлхүүр заалт байх болно. Тэгвэл тус хүлэг морийг сойхоор барахгүй түүний эцэг азарга болох 3-р үеийн эрлийзийг монгол морины уралдаанд сойж болох уу? Энэ нь морин уралдааны холбоод, ахмад уяачид гээд морь сонирхдог бүх монголчуудын санал нэгдсэн эцсийн шийдвэр мөн. Чухамдаа 3-р үеийн эрлийзийг улаан шугамны гадна оруулах уу дотор оруулах уу гэдэг нь та бидэнд тун сонирхолтой асуулт юм. Бид хариулт өгмөөр байгаа ч “эрлийз” гэж нүд үзүүрлэж тусад нь уралдуулж байгаа морьд дахь харийн үүлдрийн адууны цусны агууламж яг хэдэн хувьтай вэ гэдгээ бид байтугай эзэмшигч нь өөрөө мэдэхгүй байна. Үүнээс болж жил жилийн гомдол, атаа хорсол, хэрүүл маргаан, авилгал ёс жаяг болоод тогтсон байгаа.
Сайхнаар төсөөлөөд урагшаа хөдлөе. Шинжлэх ухааны орчин үеийн аргачлалаар адуугаа бүртгэлд оруулж, удмын мэдээллийн нэгдсэн сантай боллоо гэж үзье. Хүссэн хүлэг морийг чухам хэдэн үеийн өмнө цус сэлгэснийг мэдэх бололцоотой болсон ч нэг сонирхолтой асуудал тээглэж байна. Гадны нэгээс дээш тооны үүлдэр угшил монгол адууныхтай холилдсон бол ялган дүйх бололцоотой юу? Нэгэнт удмын мэдээлэл гэсэн ганц л хэмжүүрээр голыг нь олох тул ямар ч асуудал үүнд байхгүй. Адууны удамзүйн өргөн цар хүрээтэй судалгаа бүхий орчин үеийн аргачлал нь манай улсад орж ирсэн гадны гэсэн бүх үүлдэр угшлийг өөр хооронд нь ялгахаар үл барам монгол орон даяар бэлчих нутаг нутгийн унаган адууны угшлийг өөр хооронд нь ялгах бололцоотой. Жишээлбэл Зураг-2 дээрх ургийн модыг анхааралтай ажиглах юм бол тус зураг дээрх IV-A дугаартай азарга нь 3.125% буденный адууны цустай байх атлаа унага нь болох V-A дугаартай азарга 7.8% гадны үүлдрийн цустай байна (араб, орловск, буденный). Чухам хэд дүгээр үеийн эрлийз хүлэг гэдгээс үл хамаарч гадны үүлдрийн агууламж эцгийнхээс өндөр байна. Учир нь түүний эх болох IV-Б дугаартай гүү нь 12.5% гадны цустай адуу (араб, орловск) байсныг нь бид олж мэдэхгүй явсаар байж болно шүү дээ. Энэ жишээнээс үзэхэд хүлэг морь бүрийг чухам хэддүгээр үеийн өмнө цус сэлгэсэн бэ гэдгийг тусгайлсан шинжилгээн дээр тулгуурлахгүйгээр амьдрал дээр хэлэх арга байхгүй юм. Учир нь хүн бидний адил адуу гээч амьтан нь төв азийг олон зууны туршид дамнан бэлчиж, нүүж ирсэн ба чухам үеийн үед олон нутгийн адууны бүлгэмдэл холилдож ирсэн амьтад юм. Сонирхсон ямар нэг удмын мэдээлэл чухам хэдэн үеийн өмнө яаж яваад ороод ирэвээ гэдгийг мэдэх асар өндөр өртөгтэй, нарийвчилсан, цаг их авсан арга хэдийнээ нэвтэрсэн. Гэвч тус аргаар өнөдөөр АНУ болон Европт хуруу дарам цөөн эрдэм шинжилгээний байгууллагууд шинжилгээг хийдэг. Үүнтэй холбоотой албан ёсны үйлчилгээ зах зээл огт байхгүй юм. Хамгийн сүүлийн үеийн NGS технологи дээр суурилсан, удмын мэдээллийн 60,000 гаруй байрлал дээрх бичиглэлийн ялгаатай байдлыг хамарч самнадаг тус арга нь өнөөдөр хэт өртөг өндөртэй. Харин одоогийн бусад бололцоот удамзүйн аргазүйгээр бол сонирхсон гадны адууны удмын мэдээлэл нь 10 үеийн өмнө, эсвэл 100 үеийн өмнө гаднаас орж иржээ гэдгийг баримжаалж хэлэх боломжтой.
Өнөөдөр эрлийз адууны уралдаанд оролцож байгаа морьдын дийлэнх нь 1-3 үеийн эрлийз (эцэг/эх, өвөг эцэг/эмэг эх эсвэл элэнц өвөө/элэнц эмээ ) буюу 50-12.5% харийн адууны үүлдрийн агууламжтай байгааг эзэмшигчдийнх нь аман ярианаас мэдэж болно. Монгол морины уралдаанд түүнээс бага, бүр асар бага гадны үүлдрийн цустай хэдий ч бидний нүд дассанаас өөр бие галбиртай адуу уралдаж байгаа нь мөн л маргаан, унтууцалд хүргэж байна. Хүн адуу гэлтгүй амьтай бүхэнд эцэг эхээр үл барам элэнц хуланцынх нь удмын мэдээлэл хэзээ ч бүрэн алга болохгүй оршиж, үр удамд дамжиж ирнэ. Даруй 8 үеийн өмнө цус сэлгэсэн адуу сэрвээний өндөр нь хэтэрсэн байж болно, 3 үеийн өмнө цус сэлгэн адуу нь эрлийз гэж хэлэхэд хэцүү нутгийн адууны төрхтэй байж болно. Хорвоод чухам ямар иж бүрдэл болж төрж өсөх нь чухам элэнц хуланцаас үлдээсэн удмын мэдээлэл болох 52 багцаас 5 хөзөр сугалж гартаа авахтай ижил асар их сонголттой юм. Нэгэнтээ та бид сүүлийн 10 жилийн тушид маргааныг шийдэж чадахгүй, үнэнтэй эвлэрч чадахгүй байгаа тул үүнийг шийдвэрлэх хүчтэй арга нь чухам гадны үүлдэр угшлийн цусны агууламж хэдэн хувьтай адууг монгол гэж үзэх вэ гэсэн ганц үзүүлэлтийг шинэ журам дээр заах мөн. Та бид чухамдаа намхан морьдоо “унаган нутгийн монгол хүлэг минь” гэж өхөөрдөөд, хэдэн үеийн өмнө цус сэлгэсэн, өндөр бөгөөд цойлдог хүлгийг гадны үүлдрийн цус ямар хэмжээтэй байгааг үл харгалзан “эрлийз” гээд дуудаад байгаа нь мунхаг үйлдэл гэж шууд үнэлж дүгнэж болно. Учир нь морьд гэлтгүй та бид ч мөн адил тусгаарлагдсан тасалгаанд бус, олон зуун улс үндэстэн ястанаас бүрдсэн орчил дунд амьдарч байна. Цус сэлгэлт, өөрчлөлт хэмээх байгалийн жам үзэгдлээс нэгэнтээ зайлсхийж чадахгүй хойно өөрчлөлтийг өөр өнцгөөс харж, үр дүнтэй зохицуулалт хийж байж маргаангүй болно. Морьдын эрлийзжилт, түүнтэй холбоотой уралдаан тойрсон хэрүүл маргаан зогсолтгүй гарч байдгийн гол шалтгаан нь мориндоо бус, та бидэнд байна. Асуудлыг шийдвэрлэх арга зам хайхаас илүүтэй улам гүнзгийрүүлж маргаж суусаар. Морь сонирхдог, морийг хайрлаж үнэлдэг гэх атлаа “хэдэн үеийн өмнө цус сэлгэсэн байхаас үл хамаарч дусал гадны адууны цус байхад тэр адуу эрлийз” гэдэг ярьдаг хүмүүс даан ч олон байгаа нь сонирхолтой. Ганц хувь гадны үүлдэр угшилтай адууг баталгаатай тодорхойлоогүй атлаа эрлийз гэж хайрцаглаад, үлдэх 99% монгол адууны цус огт хамаагүй, үнэ цэнэгүй юм шиг маргааны сэдвээс шууд авч хаяж байна. Энэ хэт туйлшралыг ойрдоо авч хаях хэрэгтэй.
Монгол адуу мөн, биш гэсэн үзэл үнэлгээг утга учиртай, бодит үнэн бодит эд зүйлийг тэмтэрч байж гаргамаар байна. Өнөөгийн бидний бололцоо бол хэдэн үеийн өмнө ямар үүлдэртэй цус сэлгэснээс үл хамаарч, гагцхүү гадны угшил үүлдрийн агууламжийн хязгаарыг яс зааж өгвөл зохино. Улаан шугамыг 10% дээр тогтоох уу? Өөрөөр хэлбэл 10% ба түүнээс доош гадны үүлдрийн агууламжтай бол монгол адуу, түүнээс дээш агууламжтай бол эрлийз гэж үзнэ гэвэл ямар вэ? Эсвэл 20% дээр тогтоох уу, үгүй бол 5% дээр тогтоох уу? Энэ тал дээр мөн л морин уралдааны холбоод нэгдсэн шийдэлд хүрч, морь сонирхдог бүх монголчууд бид түүнийг нь дэмжих хэрэгтэй байна. Тиймээс бус хүлэг морьдын гадаад өнгө үзэмж нь шалгуур үзүүлэлтэд орохгүй.
Тэгвэл бидэнд, Монгол Улсад ийм ажил орчин үеийн шинжилгээ хийх нөхцөл бүрдсэн үү? Бүрдсэн гэж үзэж болно. Улсын бодлогын хэмжээнд зам харгуй чөлөөтэй. Учир нь тун саяхан малын геномын нөөц хадгалахтай холбоотой хууль дүрэм батлагдсан байгаа. Үүн дээр дөрөөлж морины удамзүйн өргөн цар хүрээтэй ажлууд хийе гэвэл дэмжих учиртай. Бүрэн дотооддоо, эсвэл гадны мэргэжлийн болоод технологийн хүчин чадал нэн өндөр эрдэм шинжилгээний баг хамт олон, тэдгээрийг зах зээлтэй хоршуулсан байгууллагуудтай хамтран ажиллаж бололцоо хязгааргүй. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагууд, үндэсний хөрөнгөтнүүд, морь сонирхогчдын холбоод маань жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд ч хэрэгжүүлэх боломжтой. Морины удамзүйн орчин үеийн аргачлалуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх, мэргэжилтний ур чадварыг ахиулах, шинэ зах зээлийг бий болгох нь үндэсний өв сан болох морин уралдааны нэр хүндийг өсгөхөөр үл барам та бидний бодит бус “эрлийз хурлийз адуу” гэсэн үнэлгээг засч залруулна. Гадны болоод нутгийн угшлийг өөр хооронд нь ялгах аргачлалын үндэс суурь хэдийнээ тавигдаж, өнөөдөр дэлхий даяар бололцоотой болсон байгаа нь сайшаалтай.
Тус мэдээллийг бүрэн эхээр нь та бүхэн УХААНТАЙ МОРЬ сэтгүүлийн 2016 оны 9-р сарын дугаар дээрээс олж уншиж болно.
2017-12-01