All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

АДУУНЫ УДАМЗҮЙН ҮНДСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ УХАЖ ОЙЛГОХ НЬ

АДУУНЫ УДАМЗҮЙН ҮНДСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ УНШИЖ ОЙЛГОХ ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ

 

Монгол Адууны Удмын Мэдээллийн Сан нь өнөөдрийг хүртэл захиалгат үйлчилгээний дагуу 40 гаруй адуу, мөн бие даан гүйцэтгэж байгаа суурь судалгааны хүрээнд 450 орчим адуу тус бүр дээр удамзүйн микросателлитын шинжилгээг гүйцэтгээд байгаа.

Адууны “эцэг-төл” эсвэл “эх-төл” мөн үгүйг магадлан шалгах ажилбарт ашигладаг шалгарсан бөгөөд 99,9999.....% баталгаатай аргачлал нь удмын мэдээллийнх нь тодорхой байрлал дээрх микросателлит бичиглэлийн хэвшинжийг олж тогтоон, дүн шинжилгээ хийх. Тус мэргэжлийн шинжилгээ болоод үнэлгээ нь зөвхөн 1 үеийн шууд холбоотой адуу гэлтгүй “садан төрөл ойр” нижгээд тооны адууг олж тодорхойлж болдог сонирхолтой ажилбар юм. Хүн, нохой, мазаалай болоод тахь адуу зэрэг ховор араатан амьтад, өөр зүйлийн мал амьтад дээрх шинжилгээний суурь аргазүй нь үүнтэй яг ижил. Адууны шинжилгээний үр дүн таны гарт очиход та түүнийг өөрөө анхаарлтай ажиглаад, учрыг нь уншиж тунгаах боломжтой, маш энгийн ажилбар юм. Хэрхэн тайлж уншихыг та бүхэнд зааж зөвлөе.

Эсийн бөөм дэх удмын мэдээлэл дунд цохиж явдаг микросателлит гээч нь юу болох талаарх суурь ойлголтыг Ухаантай Морь сэтгүүл болоод манай вэб хуудас дээрээс олж уншиж болно. Удамзүйн шинжилгээгээр олж тодорхойлдог “микросателлит бичиглэл” гэдэг нь адууны өөр өөр хромосом дээр байрласан CA (цитозин ба аденин) гэсэн хос нуклеотидын давталтын тоо ширхэг юм.

 

Шинжилгээний үр дүн дээр “микросателлит маркер” гэж нэрлэдэг зүйл нь адууны удмын мэдээллийн өөр өөр хромосом дээр байрласан СА микросателлит бүрийн давтагдсан тоог заасан товч нэршил юм. Жишээлбэл AHT4 гэдэг нь Akhal Teke marker #4, LEX33 гэдэг нь Lexington marker #33, VHL20 гэдэг нь Van Haeringen 20 гэх мэт. Анх ямар үүлдрийн адуун дээр тодорхой олж харсан, эсвэл тухайн салбарын хэн гээч нэр хүндтэй эрдэмтэн нь олж илрүүлээд мэргэжлийн аргазүйд оруулсан гэдгээр нь нэр хайрладаг жаяг эндээс харагдана. Дийлэнх маркерууд адууны үүлдэр, нутаг усаар нэрлэгддэг бол зарим нэг нь нэрт эрдэмтэн судлаач, анх олж олон нийтэд танилцуулсан хүний нэршлээр нэрлэдэг гэсэн үг юм.

 

Олон Улсын Мал Амьтны Удамзүйн Нийгэмлэгийн (ISAG)-ийн зүгээс хүлээн зөвшөөрдөг нийт 40 гаруй микросателлит маркер бий. Адууны эцэг эсвэл эх тогтоох, угшил тогтоох зэрэг үндсэн шинжилгээнд тэдгээрээс дор хаяж 8 маркерыг нэг дор шинжлэхийг тус байгууллага шаарддаг юм. МАУМС нь ISAG-ийн зүгээс шаарддаг, хүлээн зөвшөөрдөг олон тооны маркераас 15-г онилж хэвшинжийг нь олж тогтоодог. Тэдгээр нь:

 

МАРКЕР

УДМЫН МЭДЭЭЛЭЛ ДЭЭРХ БАЙРЛАЛ

AHT4

24-р хромосом

AHT5

8-р хромосом

AME

Хүйс тодорхойлох хромосом

ASB17

2-р хромосом

ASB2

15-р хромосом

ASB23

3-р хромосом

HMS2

10-р хромосом

HMS3

9-р хромосом

HMS6

4-р хромосом

HMS7

1-р хромосом

HTG10

21-р хромосом

HTG4

9-р хромосом

LEX3

Х хромосом

LEX33

Х хромосом

VHL20

30-р хромосом

Хэвшинж гэдэг нь тухайн маркерын CA хос нуклеотидын давталтын өөр өөр тоо ширхэгийг хэлнэ. Жишээлбэл AHT5 маркер дээрх CA хос нуклеотид 2 удаа, 5 удаа, 6 удаа, 10 удаа гэх зэргээр харилцан адилгүй тоотой давтагдаж болно. Чухам энэ бичиглэл дээр суурилж ямар ч 2 адууны төрлийн холбоо, ураг салсан цаг хугацаа, цаашлаад угшил, үүлдэр, цөм сүрэг нь чухам хаанаас гаралтай, аль нутагт илүү тохиолддог гээд олон арван асуултанд цэг тавина. Давталтын тоо хэмжээ бүр нь нэгэн онцгой хэвшинж гэсэн үг юм. Учир нь тус хэвшинж буюу СА хос нуклеотидын давталтын тоо нь адуун дээр ~50-100 үе өнгөрөхд ганц удаа хувирдаг эд юм. Адууны биемахбодийн ширхэг эс бүрт тус маркер 2 ширхэг байдгийн учир нь үр тогтох үед эцэг ба эхээс тус тус ганц ширхэгийг хүлээж авдагийнх юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн сонирхсон маркер нь тухайн адуунд дээд тал нь 2 янзаар хоршсон байх боломжтой. Эцэг ба эх адуунаас өвлөж авсан маркерын хэвшинж хоорондоо ижил байвал адууг тухайн маркер дээр гомозигот гэж дуудна. Мөн маркерын хэвшинж хоорондоо өөр байх тохиолдолд адууг тухайн маркер дээр гетерозигот гэж дуудна.

 

 

Олон улсад баримталдаг журмын дагуу тус хос нуклеотидын давталтын тоо ширхэгийг албан ёсоор бичиглэхдээ англи хэлний цагаан толгойн үсэг рүү хувиргана. Эхлэл цэг нь Mүсэг байна. Жишээлбэл AHT4 маркерын хувьд өнөөдрийг хүртэл дэлхийн даяар олон тооны үүлдэр угшил хамарч шинжилсэн адуун дунд хамгийн өндөр давтамжтай тохиолддог хэвшинж нь СА динуклеотид бичиглэл 10 давтагдсан байдаг хэвшинж юм (CACACACACACACACACACA). Тус хэвшинж нь өнөөг хүртэл цулгуулсан мэдээллийн сан дахь нийт адуун дунд хамгийн өндөр тохиолдолтой (нийт бүртгэгдсэн адууны 22%).  Тиймээс AHT4 маркерын Mхэвшинж гэнэ. Үүнтэй адил ABS17 микросателлит маркерын хувьд мэдээллийн сан дахь нийт адуун дунд хамгийн өндөр тохиолддог нь СА динуклеотид бичиглэл 12 давтагдсан хэвшинж юм. Тиймээс мөн ABS17 маркерын Mхэвшинж гэж нэрлэнэ. Журмын дагуу өөр нэг адуун дээр ABS17 микросателлитын давталт 11 бол L хэвшинж (цагаан толгойн үсгийн байрлалаар М үсгийн урд), давталт 13 бол N хэвшинж (цагаан толгойн үсгийн байрлалаар М үсгийн хойно) гэж тус тус албан ёсоор бүртгэж авна.

Тус дүрэм журмыг Олон Улсын Мал Амьтны Удамзүйн Нийгэмлэг (ISAG) тогтооно, шинэчилнэ. Мал амьтны удамзүйн шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд тус дүрмийг мөрддөг, мөн шинжилгээний хариу нь 95% ба түүнээс дээш тоотой үнэн зөв бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэх авах боломжтой.

Эцэг ба эхээс удамшсан микросателлит бичиглэлийн хэвшинж хоорондоо өөр өөр буюу гетерозигот тохиолдолд тус тусын үсгийг зэрэгцүүлж бичиглэнэ. Жишээлбэл тухайн адууны HTG10 маркер нь EJ гэж үзье. Тэр нь HTG10 гэсэн удмын мэдээллийн Е ба J гэсэн хэвшинжийг эцэг ба эх адуунаас өвлөж авсаныг илэрхийлнэ. Чухам алийг нь эхээс, алийг нь эцгээс авсан болохыг шууд тогтоох боломжгүй. Тогтоохын тулд эцэг, эх, тэдгээртэй ураг төрөл ойр адууг мөн шинжилгээнд хамруулах шаардлагатай.

Сонирхсон маркерын эцэг ба эхээс авсан хэвшинжүүд хоорондоо ижил буюу гомозигот байгаа тохиолдолд тус маркерыг ганц үсгээр тэмдэглэнэ. Жишээлбэл HMS2 маркер нь K гэсэн ганц үсгээр бичигдсэн байгаа нь тухайн адуу HMS2 удмын мэдээллийн K гэсэн хэвшинжийг эцэг ба эхээс тус тус 1 ширхэгийг хүлээн авсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл KK гэсэнтэй утга нэг юм.

Адууны удмын бичиглэл дээрх микросателлитын тоо буюу фрагментын уртыг тооцоолох шинжилгээг МАУМС-ийн байгууллага ЗанааСпекс ХХК гардаж гүйцэтгэдэг. Шинжилгээг Applied Biosystems (Thermo Fisher, АНУ)  нэрийн StockMarks: Horses Genotyping Kit Equine (4336407) оношлууртай дүйцэх, өөрийн бүтээсэн оношлуур болоод аргачлалыг ашиглан гүйцэтгэдэг. Тус оношлуурыг 2018 онд багтаан дотоодын болон гадаадын зах зээл дээр сурталчилж борлуулж эхлэхээр ажиллаж байна. Шинжилгээнд харьцуулах стандартаар АНУ-ын Promega нэрийн ILS-600 оношлууртай дүйцэх өөрийн оношлуурыг ашигладаг. Статистик үнэлгээг хүчтэй байлгах үүднээс нэгж адууны дээж бүр дээр шинжилгээг 3 давталттай гүйцэтгэдэг. Үр дүнг GeneMapper 5.0 програмыг ашиглан боловсруулж, Эссээн-Мюллерийн стандарт статистикийн боловсруулалтыг гүйцэтгэн баталгаажуулдаг.

Манай шинжилгээ ISAG-ийн хамгийн сүүлд 2016 онд шинэчлэн батласан аргазүйн зааварчилгааг баримталдаг. Дашрамд дурдахад ISAG нь дэлхий даяар хувийн болон улсын мэдлийн мал амьтны удамзүйн шинжилгээг гүйцэтгэгч нийт 95 байгууллагыг магадлан итгэмжилдэг, мал амьтны удамзүйн шинжилгээний салбар дахь хамгийн өргөн сүлжээтэй, нэр хүндтэй байгууллага юм. МАУМС 2019 онд багтан тус байгууллагаас албан батламж авах болно. Одоогоор бид албан батламжийг авах шаардлагыг бүрэн хангасан ч үүнтэй холбоотой зардал хэт өндөр байгаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн манай дотоодын зах зээл бэлэн биш байна.

МАУМС нь адууны микросателлитын бичиглэлийн шинжилгээний хариуг таны хүсэлтээр англи хэл дээр бичиглэж, олон улсын байгууллагад албан ёсоор хаяглаж илгээж болно. Шинжилгээний хариу үнэн зөв эсэх дээр бид баталгаа олгоно. Үр дүн болоод адуутай холбоотой бүх мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй хуваалцахгүй. Үйлчилгээний явцад хуримтлагдах шинжилгээний үр дүн нь эргээд ойрын ирээдүйд “Монгол Адуу Гэж Юу вэ?” гэсэн асуултанд өргөн хүрээтэй, тодорхой, мэргэжлийн хариулт өгөх суурь судалгааны мэдээлэл болох тул шинжилгээнд хамрагдсан адуучин та бүхэн монгол адууны удамзүйн тус суурь судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал мөн.

2017.11.03

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл