АДУУНЫ УДАМЗҮЙН ЕРӨНХИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЯАЖ ХАРАГДДАГ ВЭ?
Монгол Адууны Удмын Мэдээллийн Сан (МАУМС) суурин судалгааны хүрээнд өнөөдрийг хүртэл 6 аймгийн нутаг дээрх 400 гаруй адуун дээр удмын шинжилгээг хийж гүйцэтгээд байна. Мөн үүнтэй зэрэгцээд хувь хүний захиалгаар адууны удмын микросателлит бичиглэлийг тодорхойлж өгч байна. Адууны удмын үндсэн бичиглэлийг ганцаар болон багц сүргээр нь шинжилж гаргаж өгдөг юм.
Манай мэргэжлийн лабораторид гүйцэтгэсэн удамзүйн шинжилгээний хариу яаж харагддаг, ямар мэдээлэл агуулдаг талаар бид танд танилцуулая.
Тус мэдээлэл нь 2017 оны 8-р сард адууныхаа дэл үсний дээжийг МАУМС-д илгээж шинжилгээнд оруулсан, Хэнтий аймгын Батноров сумын харьяат Баянжаргалын Ганболд гуайд олгосон албан хариу юм. Тус шинжилгээний хариуг хуваалцахыг зөвшөөрсөн ах дүү Ганболд болон Батболд гуай нарт МАУМС талархаж байна.
Бидний мэргэжлийн удамзүйн шинжилгээ нь олон тооны шинжилгээг зэрэг гүйцэтгээд өөр хооронд нь уялдуулсан тохиолдолд ямар ч адууны удам угшлийг ухаж гаргаж ирэх боломжтой, шинжлэх ухааны нөр их ажлын үр өгөөж мөн. Доорх фото зургаар бид Ганболд гуайн саарал азаргыг харуулав. Тус хүлэг нь Сүхбаатар аймгын Асгат сумаас гаралтай. Сэцэнханы хурд 2015 бүсийн уралдаанд 11-т, Хэнтий аймгын зүүн хойт бүсийн уралдаанд 8–д, Норовын хурд 2015 уралдаанд аман хүзүү, Бэрх хотын наадамд 8-д тус тус орж ирсэн хүлэг юм.
Ганболд болон Батболд гуайн зорилго нь саарал азарганд ямар нэг онцгой удмын бичиглэл байгаа эсэх, мөн азаргын хураасан гүүнэс гарч болох төлийн удмын бичиглэл ямар байх бололцоотойг урьдчилж харах байв. Удмын бичиглэлийг мэдэж авсаны дараагаар бусад нутгаар ургийн ойрын холбоотой адууг байгаа эсэхийг олж авах, цаашлаад тус удмын мэдээлэлэ нь тухайн уралдааны үзүүлэлттэй хамаарал байгаа эсэх зэрэг дараа дараагийн олон арван сонирхолтой асуултыг гаргаж тавих юм. Тиймээс МАУМС-д хандаж, адуугаа шинжилгээнд бүлгээр багцалж нь хамруулсан. Ингэхдээ бидний зүгээс олгосон зааврын дагуу өөрийн олон тооны адуу тус бүрийн 20 ширхэг дэл үсний дээжийг тус тусад нь дугтуйлж битүүмжлээд илгээсэн юм.
МАУМС-ийн мэргэжлийн лабораторид хийж гүйцэтгэсэн шинжилгээ нь адууны удмын мэдээлэл дээрх микросателлит бичиглэлийн молекул биологийн шинжилгээ байв. Доорх зурагт сүргийн манлай саарал азарга болоод түүний сүргийн 3 гүүний шинжилгээний хариуг зэрэгцүүлж харуулав.
Тус шинжилгээг МАУМС олон улсын мэргэжлийн байгууллагын стандарт аргазүйг баримтлан гүйцэтгэдэг юм. Шинжилгээгээр адуу бүрийн удмын мэдээлэллийн 15 өөр байрлал дээрх микросателлитын хэвшинжийг олж илрүүлж, олон улсын жишгийн дагуу бичиглэж кодлосон байдал юм. Тус мэдээллийн сан, дүрэм журмыг Олон Улсын Мал Амьтны Удамзүйн Нийгэмлэгийн (ISAG) тогтооно, шинэчилнэ. Мал амьтны удамзүйн шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд тус дүрмийг мөрддөг, мөн шинжилгээний хариу нь 95% ба түүнээс дээш тоотой үнэн зөв бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэх авах эрхтэй.
Тус азарганы удмын бичиглэл дээрх ганц нэг сонирхолтой зүйл ажиглагдсан. Үүнд ASB17 болон ASB23 маркер тус бүрийн хэвшинж нь өнөөдрийг хүртэл Монгол Адууны Удмын Мэдээллийн Санд цугларсан адууны удмын бичиглэл дунд төдийлөн тохиолдоод байдаггүй хэвшинж юм. Үүнд ASB17 маркерын I нэршилтэй хэвшинж нь одоогийн байдлаар 2.77%, ASB23 маркерын U нэршилтэй хэвшинж нь 1.39% агуулагдаж байгаа нь сонирхол татаж байна. Энэ нь тус маркерууд одоогийн мэдээллийн санд байгаа нийт адууны 25-60 адуу тутамд л ганц тохиолдож байна гэсэн үг юм.
Нэг сүрэг эсвэл нутаг усыг хамарсан олон тооны адууг нэг дор шинжилгээнд хамруулсан тохиолдолд удамзүйн нэмэлт шинжилгээ, тодруулгыг бүрэн гүйцэд гаргаж өгөх боломжтой. Жишээлбэл адуу тус бүрийн удмын мэдээлэл дэх микросателлит хэвшинжийн (аллелийн) ижил төст байдал (анхдагч тооцоолол) гээчийг тооцоолж гаргав.
Хэвшинжийн ижил төст байдлын ерөнхий тоон үзүүлэлт нь 2 адуу хооронд 50% ба түүнээс дээш бол тухайн 2 адуу нь баталгаатай эцэг ба төл (эсвэл эх ба төл) байна. Мөн тоон үзүүлэлт нь 46.4% ба 50.0% хооронд байгаа тохиолдолд шинжилгээг давтан гүйцэтгэж магадлах шаардлагатай. Мөн тоон үзүүлэлт нь <46.4% байгаа тохиолдолд тухайн 2 адуу нь эцэг ба төл (эсвэл эх ба төл) гэсэн нэг үеийн холбоо байхгүй гэсэн үг юм. Дээрх тоон үзүүлэлт нь сонирхсон 2 адууны удмын бичиглэлийн ижил төстэй байдлыг гагцхүү баримжаалж харахад ашиглагдана. Үүнд тоон үзүүлэлт 0-46.4% хооронд багаас их байх тусам тухайн тухайн 2 адууны удам төрлийн холбоо зузаан байгаа гэсэн үг юм. Үүнтэй ижил өөр нэгэн үзүүлэлтийг тооцно.
Удмын бичиглэл дэх микросателлитын нийт хэвшинжийн ижил төст байдлын үзүүлэлт нь 2 адуу хооронд гагцхүү 100% тохиолдолд тухайн 2 адуу нь эцэг ба төл (эсвэл эх ба төл) байна. Мөн тоон үзүүлэлт нь 92.857% ба 100% хооронд байгаа тохиолдолд шинжилгээг давтан гүйцэтгэж магадлах шаардлагатай. Мөн тоон үзүүлэлт нь <92.857% байгаа тохиолдолд тухайн 2 адуу нь эцэг ба төл (эсвэл эх ба төл) гэсэн нэг үеийн холбоо байхгүй гэсэн үг юм. Дээрх тоон үзүүлэлт нь сонирхсон 2 адууны удмын бичиглэлийн ижил төстэй байдлыг гагцхүү баримжаалж харахад ашиглагдана. Үүнд тоон үзүүлэлт 0-92.857% хооронд багаас их байх тусам тухайн тухайн 2 адууны удам төрлийн холбоо зузаан байгаа гэсэн үг юм.
Үүгээр зогсохгүй адуу бүрийн цус сэлгэлтийн дүр зургийг тоон дүнгээр тооцоолж гаргана. Цус сэлгэлтийн тоон илэрхийлэл гэдэг нь сонирхсон адууны эцэг ба эх адуу хоорондын ялгаатай байдал юм. Хэмжих нэгж нь нэг ижил микросателлит удмын мэдээлэл тус бүрийн хэвшинж хоорондын ялгаатай байдал юм. Тус хэмжүүр нь эцэг ба эх адууны угшил, гарал үүслийн ялгаатай байдлыг 25% магадлалтай тооцоолдог. Тиймээс зөвхөн баримжаа авахад ашиглагдана. Эцэг ба эх адууны удмын бичиглэлийн ялгаатай байдал нь нөгөө талаар тэдгээрийн төл адууны цус сэлгэсэн байдлыг баримжаалдаг нэгэн арга хэрэгсэл юм. Цус сэлгэлтийн үзүүлэлт нь мөн 25% магадлалтай.
Эцэг ба эхийн хэвшинж хоорондын ялгаатай байдал буюу төл адууны цус сэлгэлтийн тоон хэмжүүр нь зарим нэг тусгай үүлдрийн морьд дээр 1.6-2.2 орчим байдаг. Япон болон Европын зарим орнуудад нэн ховордсон, тусгай хамгаалалтанд орсон унаган адууны зарим угшилд 1.5-1.8 орчим байдаг. Монгол адуун дээр энэ үзүүлэлт одоогоор тодорхойгүй байгаа ч МАУМС дахь 468 адууны удмын мэдээллийг хамарч үзвэл тус үзүүлэлт дунджаар ~2.89 байна. Энэ нь удамзүйн үнэлгээгээр харьцангуй олон тооны гарал угшил, бүлээс бүрдсэн, цус сэлгэлт хангалттай сайн болохыг илтгэх үзүүлэлт мөн. Цус сэлгэлтийн индекс буюу эцэг ба эх адууны ялгаа 0.000 рүү дөхөх тусам тухайн адууны эцэг ба эх нь микросателлит удмын мэдээллээрээ ижил буюу угшил үүлдэр ойр адуу гэсэн үг юм. Цус сэлгэлтийн индекс 0.00 байх боломж нь зөвхөн эцэг ба эх адууны үр төлд дамжуулсан удмын мэдээлэл хоорондоо 100% ижил байх тохиолдол юм. Ийм тохиолдол өнөөгийн мэдээллийн хүрээнд, онолын хувьд олон их наяд адуунд ганц байх боломжтой. Тус тоон үзүүлэлт өсөх тусам тухайн адууны эцэг ба эх ургийн холбоо хол гэсэн үг юм. Жишээлбэл МАУМС дахь галшар нутгийн гэж бүртгүүлсэн цөөн тооны адуун дээр тус үзүүлэлт нь ~2.97 байгаа нь зарим адуу сонирхогч зарим хүмүүсийн зүгээс “үүлдэр” гэж үзэж батлуулсан ажлыг шууд няцааж байгаа тохиолдол юм. Галшар бол энэ утгаараа удамзүйн үнэлгээгээр адууны тогтсон үүлдэр биш болно.
Энэ бүлэг адууны жишээн дээр шинжилгээний үр дүнгээр хүрэн халзан гүүний эцэг ба эх нь өөр хоорондын ялгаатай байдал харьцангуй өндөр, харин саарал азарганы эцэг ба эхийн өөр хоорондын ялгаатай байдал харьцангуй нам байгаа нь тодорхой байна.
Удмын бичиглэл дээрх микросателлит шинжилгээний үзүүлэлтийг багцлаад, цаашлаад мэргэжлийн илүү нарийвчилсан боловсруулалтыг гүйцэтгэх боломжтой. Үүний нэг нь бүлэг адууг багцлаад өөр хоорондын ургийн холбоог бүдүүвчилж тооцоолох юм.
Амьтан ургамлын бүлгэмдэл, гарал үүслийн холбоог тооцоолдог мэргэжлийн стандарт хэмжүүрээр тус 4 адууны өөр хоорондын ургийн холбоог ургийн мод хэлбэрээр харж болно. Үүнд адуу хоорондоо олон үеийн өмнө ураг салсан байхыг цаашдын нэмэлт шинжилгээгээр гүйцэтгэж олох боломжтой. Жишээлбэл дээрх зураг дээр саарал азарга (MN201708001) ба хүрэн халзан гүүний (MN201708003), мөн шарга гүү (MN201708002) ба буурал гүүний (MN201708004) ураг салсан үе тус тус ойр байгаа нь харагдана.
Тус ураг салсан модны мөчрийг мөн тухайлсан нэг адуун дээрээс эхлэн тооцоолж харж болно. Жишээлбэл тус 4 адууны сүргийн манлай саарал азарга дээрээс эхлэн ураг хоорондын холбоог тооцон хөөж үзэж болно.
Ийм маягаар аль 2 адууны ургийн хэлхээ холбоо хэр байгааг бүх талаас нь тооцоолж үзэж болно. Тус үзүүлэлтийг адуу эзэмшигчийн захиалга, хүсэлтийн дагуу МАУМС-ийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн гүйцэтгэж тайлагнах боломжтой.
МАУМС нь өөрийн удамзүйн мэргэжлийн шинжилгээн дээр албан баталгаа олгоно. Манай шинжилгээний хариуг гадны итгэмжлэгдсэн ямар ч лабораторитой дүйцүүлж хийж болно. Хариу 100% дүйцнэ.
Дараагийн мэдээллээр бид фрагмент анализын үр дүнг олон улсад хэрхэн тооцоолж унших аргыг та бүхэнд зааж танилцуулах болно.