All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

АДУУНЫ УДМЫН МЭДЭЭЛЛИЙГ ОЙЛГОХ НЬ

Адууны генетик буюу адууны удамшлын ухааны талаарх ерөнхий мэдээллийг хүргэж эхэлж байна. Ингэж чухалчлан гаргаж байгаагийн учир нь бид энэ сэдвийн хүрээнд цаашид улам их мэдээлэл солилцох болно. Ухаантай Морь сэтгүүлийн маань энэ булан адууны генетик дээр байнга төвлөрөх шалтгаан бий. Морь сонирхогч та бүхэн өөрөөсөө болоод мэргэжлийн салбарын хүмүүсээс нэг бус удаа тавьж байсан асуулт бий.

Халиун азаргын минь үр төл энэ сайхан өнгө зүсийг нь авч үлдэх болов уу?

Сонирхсон энэ даагыг сойвол үнэхээр хурдлах болов уу?

Энэ унаганы эцэг нь Гантөмөрийн зартай Гуулийн Зээрд Азарга, эх нь Барга нутгаас оруулж ирсэн суут “Гоёхүрэн” азаргын удам уу? Үнэхээр мөн үү?

Үрээний маань сэрвээний өндөр улсын журамд заасан хэмжээнээс давчихлаа... Миний үрээ үнэхээр гадны хольцтой юм болов уу?

Сайхан хүлгийн маань өвөг, угшил, гарал үүсэл ер нь юу бол?

Сайхан хурдан азаргаар танилынхаа гүүг гишгүүлэх санаа байна. Гэтэл аман яриагаар бол хоёулаа гарал угшил нь нэг сумынх болж таараад байдаг. Цус ойртчих юм биш байгаа...

Энэ сайхан хүлгийнхээ удмын мэдээллийг хадгалж үлдээх юмсан...

Та бүхний байнга хариулт хайж байдаг асуулт мөн биз? Өнөөдөр дээрх асуултын нэг бүрт 99% баталгаатай хариулт авах боломжтой. Баталгаа нь генетик, молекул биологийн шинжлэх ухааны ололт амжилт, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар юм. Энэ талаар бүрэн дүүрэн мэдэх шаардлагагүй ч адууны генетикийн зарим нэг бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий зарчмыг, сүүлийн үеийн ололт амжилтыг мэдээд авбал илүүдэх юм юу байх билээ.

Генетик, биотехнологи, молекул биологи, генийн инженерчлэл гэсэн гаднаас орж ирсэн нэршил сонсох бүрийдээ та бид “ойлгоход бэрх, төвөгтэй ухагдахуун” гэж хүлээж авдаг. Хэрэв та бүхэн өнөөдөр арван жилийн дунд болон ахлах ангид суралцаж байгаа хүүхэдтэй бол түүнд хандах нь зүйтэй. Учир нь яг өдийд хүүхэд тань тус салбарын тухай суурь эрдэм мэдлэгийг байгалийн ухааны сурах бичиг дээрээсээ уншч судалж байгаа. Хүүхдээсээ асууж харилцан ярилцсанаар та ерөнхий ойлголт авахаар үл барам хүүхдийн тань ойлгоогүй их мэдээлэл цэгцэнд орох ч юм билүү. Та бид ахлах ангид байхдаа генетикийн талаарх ерөнхий ойлголтыг хагас дутуу, бүтэцгүй хүлээж авса байдаг юм. Энэ талаар ангийн нөхдүүд ч гомдоллодог биз? Ах дүү нарын хүүхдүүд, та бүгд мөн адил. Шалтгаан нь бидний сурах чадамж гэхээс илүү багш нарын биологийн хичээл заах арга барил, үр өгөөж хангалтгүй байсан юм болов уу даа. Сүүлийн жилүүдэд тус салбарын олон нийтэд хүртээхэд зориулсан ерөнхий эрдмийн хичээлийн хөтөлбөр, арга барил эрчимтэй шинэчлэгдэж, биологийн хичээлийн багш нарын мэргэжлийн суурь хөтөлбөр мөн шинэчлэгдэж байгаа нь сайшаалтай. Хоёр зууны өмнө физикийн хичээлийг барууны элит сургуулиудад л ордог байсан бол өнөөдөр хүн бүрийн дунд ангидаа үзэх суурь боловсрол болсон шүү дээ. Генетик, молекул биологи, биотехнологи гэсэн залуу шинжлэх ухааны ч мөн мэргэжлийн салбар үл хамаарч иргэн бүр дунд сургуульдаа ойлголт авсан байх шаардлагатай суурь эрдэм хэдийнээ болсон. Үүнээс та хоцорч болохгүй. Дэлхий даяар олон улсад биологийн ерөнхий эрдмийн хичээл дээр хүүхэд бүр өөрийн биеийн эд эсээс удамшлын мэдээллээ ялган цэвэршүүлэх дадлага хийдэг нь энгийн зугаатай хичээл болж байна. Мөдхөн манайд ч хэрэгжих байх.

Генетик буюу удамзүй, түүнээс улбаалсан молекул биологи, биотехнологи нь та бидний байгаль дээр байсаар ирсэн, одоо ч байгаа бодит зүйлийг гүнзгий танин мэдэх шинжлэх ухаан юм. Тус шинжлэх ухаан юу судалдаг тухай эргэн санацгаая. Амьд биетийн гадаад шинж тэмдэг үе дамжин удамшдаг болохыг бид бүгд мэднэ. Бидний өвөг дээдэс үүнийг орчин тойрны амьтан ургамлын зүйл дээр ажиглаж, ашигтай гэж үзсэн шинж чанарыг нь олон үе дамжин хадгалж, амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн. Энэ нь амьтан ургамлын сорт, үүлдэр гаргаж авч эхэлсэн түлхүүр, мал ахуй бий болох тулгуур болсон билээ. Та бид хүүхэд байхаасаа л нохойн гөлгийг гадаад төрхөөр нь сонгон шилж, ширээн дээрээ багахан хэмжээний усан санд гуппи буюу хэнли загас тэжээж, сүүлнийх нь баян тансаг өнгө жараахайнд нь хадгалагдаж ирж байгааг ажиглаж, шилж сонгодог байсан даа.

 

Удамшлын хүчин зүйлийг хүн адуун мөн ажиглаж, газар газар өөр өөрийн сонирхлоор сорчилж хөгжүүлсээр өнөөдөр гадаад бие галбир өнгө төрхөөр нь хараад ялгах боломжтой 350 орчим адууны үүлдэр угсааг бий болгожээ. Миний адил морь сайн мэдэхгүй хэн ч байсан мэдээллийн хэрэгслээр морьдыг гаднаас нь хараад ачааны зориулалттай үүлдэр, уналгын зориулалттай үүлдэр, давжаа морь, хагас зэрлэг угшил байна гээд хэлчихдэг. Сануулахад, монгол адуу бол хагас зэрлэг угшлийн морьд гэдгийг мэргэжлийн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Мөн монгол адуу бол үүлдэр биш, хэзээ ч үүлдэр байгаа, ямар ч үүлдэр өмнө нь гаргаж байгаагүй нь үнэн.

Амьд биетийн төрх, шинж тэмдгийг бий болгож байгаа “удамшлын хүчин зүйл” буюу ген гэдэг нь түүний ширхэг эс бүрийн бөөмд хадгалагдах бодит материал юм. Ген хэмээх материал нь түр зуурын бус, харин та бидний биемахбодийн нэгж эс бүрийн бөөм хэмээх жижиг тасалгаанд байнга оршин байдаг ДНХ (деокси нуклейн хүчил) нэртэй биомолекулын утаслаг юм (Зураг 1). Адууны ширхэг эс бүрийн бөөмөнд 64 ширхэг ДНХ утаслаг агуулагдана. Тус бүрийг нь хромосом гэж дууддаг гэж өмнөх дурдсанаа сануулъя. Тус бүр 2 ширхэг (эцэг эхээс нэг нэгийг удамшиж авсан), 32 боть ном шиг, өөр өөрийн дугаартай, нэр хаягтай. Та бидний эрдмийн охь ном бүтээл дэх агуулга нь цагаан толгойн 35 үсгээр бичигдэж хэвлэгдсэн байдаг бол ДНХ утаслаг ердөө 4 янзын нуклеотид гэдэг нэгж үсгээс бүтнэ. Эдгээр нь А (аденин), Т (тимин), C (цитозин) G (гуанин). Ердөө 4 үсгээр юугаа бичиж хадгалдаг байнаа гэж та гайхах байх. Код хэлбэрээр ямар ч үгийг бүтээж болно шүү дээ: ...ATTGACAGATGACAT... ...GGGGGGGGCCAAAAGGGTTTTT... гэх мэт хязгааргүй. Амьдралын шинж тэмдгийг нөхцөлдүүлэгч нэгдсэн мэдээлэл яг л морз код бичиглэл шиг эсийн хаа нэг газар хадгалагдаж байх учиртай гэдгийг Германы нэрт эрдэмтэн Эрвин Шрөдингэр өнгөрсөн зууны эхээр биологийн шинжлэх ухааны суут шинэ суурь бүтээл болох “What Is Life?” номондоо энгийн үгээр тайлбарлаж таамаглал дэвшүүлсэн нь олон тооны судалгааны ажлын санааг дэврээсэн билээ. Өнөөдөр шинжлэх ухааны ололтоор бүх зүйл нууц биш болжээ. Сонирхуулахад, “What Is Life?” бүтээлийг МУИС-ийн багш профессор Д.Төмөрбаатар маш ойлгомжтой орчуулж хэвлүүлсэн байгаа.

Бөөмөнд хадгалагдсан код хэрхэн амьдрал болдог вэ гэж та асуух байх. ДНХ кодын дагуу ширхэг эс бүрт шаардлагатай хэмжээний уураг нийлэгжин бий болж, амьдралыг цогцлооно. Уураг гэдэг материал хорвоо ертөнцийн амьд биетийг бий болгодог, хөдөлгөдөг. Уураг уургаа шинээр бий болгодог, уураг уургаа мөн устгадаг. Морины зан төлөв нь тархины эсүүдэд ямар уураг байгаагаас болно. Сайн угшлийн морины төрөлхийн чадвар нь түүний булчингийн үйл ажиллагаанд оролцож байгаа тооны уургийн цогц үйл ажиллагаа. Цуцалтгүй давхих төрөлхийн хатуужил нь түүний өнчин тархи болон зүрх судасны үйл ажиллагаанд оролцож байгаа уургуудын тоглолт. Арьс, үс, нүдний өнгө үзүүлэгч нөсөө, ясны бүтэц, бодис солилцоо, цусны эсүүд, ялгадас гээд бүх юм уураг. Хөврөл бойжих, хөгширч өтлөх, ялзарч задрах үйл ажиллагаа нь бүгд уургийн үйл ажиллагаа. Тэгэхээр шинж тэмдэг нөхцөлдөх, удмын шинж илрэх гэдэг нь эсэд ямар ямар уураг хэр хэмжээтэй үйлдвэрлэгдэж бий болж байна вэ гэдгийн нүдэнд харагдах хариулт юм. Түүний ялгаанаас болж хорвоо дэлхий дээр саяар тоологдох зүйлийн амьтан ургамал оршиж байна. Зүйл дотроо гэхэд хүний олон арьс өнгө, бие галбир, зан авир байдаг шүү дээ. Олон үүлдрийн морьд бие галбираар хоорондоо мөн ялгаатай байх жишээтэй.

 

Товчхондоо ДНХ мэдээлэл нь орчуулагдаж уураг болон хуулбарлагдана гэсэн үг. ДНХ нь ердөө A, T, G, C гэсэн 4 янз үсгээр бичигддэг бол уураг 20 янз аминхүчлээс бүрддэг. ДНХ дээрх ердөө дөрвөн янзын нуклеотид 20 янзын амин хүчлийн мэдээллийг яаж хадгалдаг бол гэж гайхах байх. Жишээлбэл ATG гэсэн гурвалсан хоршил байж болж байна. CAG, GAC, TAT, TGA, AAA, CCC гэх мэт... Үнэндээ тус 4 янз нуклеотид гурав гурваараа хорших бололцоо 64 янз байгаа юм. Тэгэхээр ДНХ мэдээлэл “гурав-гурваараа-нэг-аминхүчил-босгоё” гэсэн амьдралын хуультай. Уургийн аминхүчил бүр өөр өөр гурвал хоршлын дагуу бий болно. Уургийн 20 янз аминхүчил хэдэн янзаар дараалж жагсч болох бололцоо нь хязгааргүй. Тийм болохоор уургийн олон янз хэлбэрт боломж хязгаар гэж байхгүй, хорвоо дэлхий дээрх амьд байгаль баялаг байгаад гайхах зүйлгүй юм. Хүнд мэдэгдсэн хамгийн өчүүхэн атлаа өөрийн үүрэгтэй, үйл ажиллагаатай уураг бол 3 аминхүчлээс бүтдэг глутатион юм. Харин өнөөг хүртэл мэдэгдсэн хамгийн том уураг нь хүнээс эхлээд адуу, нохой гээд сүүгээр бойжигч амьтдад түгээмэл байдаг, булчингийн бүтцэд оролцдог титин гэдэг уураг. Тус уураг нь 34350 аминхүчлээс тогтсон аварга эд юм. Уургийн хэмжээ нь түүний бүтэц үүрэгтэй огт хамааралгүй зүйл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх.

Товчхондоо амьдрал гэдэг нь генээс уураг бий болох нэг чигтэй орчил ажээ (Зураг 2). Хүлэг морь эхийн хэвлийд бүрэлдэж ирсэн цагаас эхлэн амьсгал хураах эцсийн мөч хүртэл амьдралын үйл ажиллагаа яг л кино шиг генийн кодонд бичигдсэн буюу “заяагдсан” хүчин зүйлс гадаад орчны нөлөөтэй нийлсэн хослол юм. Үүнийг бүрэн давж гарах боломжтой юу үгүй юу гэдэг дээр хүмүүс маргалдсаар. Удамшиж авсан ген нь хүлэг морины амжилтанд илүү нөлөөтэй гэж байхад зарим нь сайн арчилгаа, сойлт, бэлтгэл нь хүлэг морины удамшлын суурь хүчин зүйлийг давж гарах боломжтой гэх жишээтэй. Хүлгийн шинж нь эцэг эхээс заяасан төрөлхийн мэдээлэл ба уяач эзний хөдөлмөрийн эн тэнцүү үр бүтээл юм гээд асуудлыг эв найрамдалтай хааж болох юм.

Морь гэдэг нь өөрөө нэгэн зүйл амьтан тул түүний геномын бүрэн мэдээлэл нь монгол адууны угшил хооронд ч тэр, араб морьдын үүлдэр хооронд ч тэр, Орловын хатираа байсан ч тэр өөр хоорондоо бараг ялгаагүй буюу 99.9% ижил юм. Тэгэхээр адууны угшил, үүлдэр яагаад хоорондоо онцгой өөр юм бэ гэж та асуух байх. Сая дурдсан “бараг ялгаагүй”-н үлдэх өчүүхэн хэсэг буюу 0.01% ялгаатай байдал нь адууны үүлдэр хоорондын гоц ялгаатай байдлыг бий болгож байгаа. Чухам энэ өчүүхэн ялгаатай код нь адууны генетик, молекул биологийн судалгаа, үйлдвэрлэл, бизнесийн үндэс болж байна. Кодоор зүйрлэвэл, бодгаль хүлэг морь бүр өөр хоорондоо удамшлын кодын зарим хэсэг дээр ганц нэг үсгийн ялгаатай байна. Үүнийг “цэгэн ялгаа” гээд хялбар хэвшмэл нэршил болгож болох юм. Жишээ нь булчингийн эсийн үйл ажиллагаанд нэн чухал SCN4A гээч уургийг кодлогч генийн нэг хэсэг нь өнөөгийн мэдэгдэх морины үүлдэр дунд …ATC TАC GAC TTC… гэсэн кодтой байхад АНУ-ын богино зайн уралдааны үүлдэр болох Quarter үүлдрийн морьд дунд тус код …ATC TTC GAC TTC… байх тохиолдол маш түгээмэл байдаг. Генийн кодон дээр цорын ганц нуклеотид цэгэн ялгаа байгааг та олж харав уу? Тус хэвийн бус кодоор эсэд бий болсон SCN4A уураг нь хэт өндөр идэвхтэй байдаг ажээ. Булчингийн эсийн ханаар калийн ион нэвтрэх үйл ажиллагаа хэт эрчимжиж, булчингийн богино хугацаанд цуцахгүй ажиллах чадвар бусад морьдоос 10-30% өндөр байдаг. Гайхалтай санагдах ч харамсалтай нь ийм морьдын булчин татдаг ба зарим тохиолдолд залуу насан дээр булчингийн үйл ажиллагаа эрчимтэй доголдож, цаашид байнгын эрүүл мэндийн асуудалд хүргэдэг. Хүнд хэлбэрийн (эцэг эхээсээ аль алинаас тус генийг хүлээж авсан) эмгэгтэй хүлэг залуу насандаа үхдэг. Сонирхуулахад, Quarter үүлдэр нь АНУ-д өргөн тархсан уралдааны морины үүлдэр юм. Нэрийн учрыг тайлбал ¼ гэсэн утгатай. Богино зайн уралдаанд бусад бүх морьдоос нийт уралдааны зайн ¼ хэмжээтэй тэнцэхүйц хол тасарч түрүүлж байсан нь түүх болон үлджээ. 2007 онд хийсэн генетикийн ураг төрлийн судалгаагаар бол АНУ-д цагтаа шуугиулж явсан, Impressive нэрээр түүхэнд мөнхөрсөн азарганаас энэ эмгэг нь олон мянган адуунд удамшиж ирсэн болохыг хөдөлшгүй батлав. Тус азаргын үр төл өнөөдөр АНУ даяар морин спорт сонирхогчдын дунд 55000 ширхэг байна гэсэн тооцоо гарсан байх юм. Энэ нь тус үүлдрийн нийт морьдын 2% дангаараа бүрдүүлж байгаа тоо юм. Түүний үлдээсэн хурдан удмын 4 хүлэг тутмын нэг нь дээр дурдсан булчин чангарч таталдах эмгэгтэй байгаа нь харамсалтай. Гарвал, ургийн холбоо ойр морьдыг эвцэлдүүлж, гоц чадвар хөөж үүлдэр гаргах нь нөгөө талаар ийм сайнгүй үр дагавар дагуулж байна. Төгс үүлдэр хөөхийн сүүдэртэй тал юм уу даа.

 

Үүгээр адууны генетикийн талаарх ерөнхий ойлголт олгох мэдээллийн эхний хэсгийг өндөрлөе. Адуу сонирхогчид, адууны уралдаантай холбоотой оношлогоо шинжилгээний зах зээл сүүлийн жилүүдэд манай улсын хаалгыг тогшиж байна. Зах зээл дээр амжилттай нэвтэрч байгаа шинжлэх ухааны ололт амжилтын дийлэнх нь молекул биологи, генетикийн мэргэжилтний зүгээс гэдгийг дашрамд хэлье. Та бүхэн ойрын ирээдүйд орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтын охийг хүртээсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдахад бэлэн байж, ерөнхий мэдэгдэхүүнтэй болсон байх нь зүйтэй. Монгол Адууны Удмын Мэдээллийн Сан нь адууны удамзүйн шинжилгээ, үйлчилгээ, удмын мэдээллийн сангаар цахиур хагалсан хувийн хэвшил юм. Тус байгууллага 2018 оноос адуу болоод бусад малын үүлдэр угшлийг ялган дүйдэг мэргэжлийн цомог урвалж, тусгай оношлуурыг Казахстан болон БНХАУ-д тогтмол нийлүүлж, зохих байгууллагуудад зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Тус нийтлэлийг бүрэн эхээр нь УХААНТАЙ МОРЬ сэтгүүлийн 2015 оны 12-р сарын дугаар дээрээс уншиж болно.

Image result for ухаантай морь

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл