All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

АДУУНЫ УДАМЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХЯЛБАР ТАЙЛБАРЛАВАЛ...

Э.Занабазар

Ухаантай Морь сэтгүүлийн 2015 оны 11-р сарын дугаар дээрх нийтлэл





Хүн морин дээр анх мордсон хугацааг нарийвчлалтай баттай хэлэхэд хэцүү юм. Харин уналганд тогтвортой ашиглаж эхэлсэн цаг хугацааг одоогийн Орос, Украйны өмнөд хэсэг, мөн Казахстаны баруун хэсэгт 6000 орчим жилийн өмнө байсныг археологи, антропологийн судалгааны баримтууд харуулж байна. Археологийн олдворуудаас илүү эртний гэдэг нь тогтоогдсон баримтууд нь хүн адууг анх уналганд хэрэглэх үетэй зэрэгцээд идшэнд идэвхтэй ашиглаж байсныг мөн батладаг. Бидний соёл иргэншилд адуу биечлэн оролцож, их үүрэг гүйцэтгэсэн амьтан билээ. Бид өөр хоорондоо адууны нуруун дээр уралдаж том соёл иргэншлийг цогцлоож, ганхуулж, дэлхий ертөнцийн бүхэл тивийг дамнан туурайлж, агуу тулааныг хийж, байнгын орчилтой анхны дэд бүтцийг эхлүүлж, ачаа тээвэр, шуудан харилцааг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн салбарыг босгож, үйлчилгээний хүртээмжийг түргэсэж, спорт болон зугаа цэнгээний нэр төрлийг ч баяжуулахаар үл барам өнөөг хүртэл хүнсний нэр төрөл байсаар ирэв. Дэлхийн 1-р дайнд уналганд ашиглахын хажуугаар 13 орчим сая адууг идшэнд хэрэглэсэн гэсэн баримжаа тоо байна. Хорьдугаар зуун хүртэл бидний амьдралд жинтэй байр суурийг эзэлж байсан адуу гэдэг амьтны хийж гүйцэтгэсэн ажлыг тоон хэмжүүрээр гаргавал их сонирхолтой дүр зураг гарч ирэхсэн. Хүн төрөлхтөн аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хийж бүтээсэн бүхнээ адууг гаршуулсан цагаас хойшхитой харьцуулж үзвэл аль нь их байх вэ гэж хэн нэгэнтэй талцах юм бол би хувьдаа адуунд гэж мөрийгөө тавина. Та ч бас тэгэх байх. Бидний амжилттай гаршуулж маллаж эхэлсэн олон тооны амьтдад хувь тавилан гэж байдаг бол адууных бусдаасаа онцгой байж болох юм.

Хүн ба адууны барилдлага цаг хугацаан дээр аж үйлдвэржилтээс өмнө ба хойш гээд зааг тогтоож ярьснаараа би буруудсан ч байж мэднэ. Учир нь тоон баримт сөхөж үзвэл 20-р зууны зааг дээрээс дэлхий дээр гаршуулсан гэж тооцогдох адууны тоо толгой буурч байснаа эргээд өсч эхэлсэн байх юм. Тодорхой хэлбэл НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын харьяа статистик тооцооны алба гардаж хийсэн 1998 оны (FAOSTAT) цогц судалгаагаар дэлхий дээр 62 сая морь, 14.6 сая луус, 43 сая илжиг бий гэжээ. Тэгэхээр битүү туурайтны хэрэглээ, сонирхол зөвхөн Монгол түмнээр барахгүй бусад улс орнуудад баттай байсаар байна гээд дүнгэж болох юм. Харин манай улсад дэлхийн нийтийн морьдын 5% нь байдаг гэж тооцоолбол нилээн өндөр харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд морийг өдөр тутмын амин чухал хэрэглээ гэхээс илүү сонирхлын үүднээс хардаг болсон билээ. Олон мянган жилийн өмнөөс уналга, идшэнд хэрэглэж ирсэн энэ амьтнаа гүнзгий судалж мэдэх бололцоог шинжлэх ухааны ололт амжилтууд бидэнд олгож байна. Адууны угшил, үүлдрийн уг гарал болоод хэлхээ холбоог өндөр нарийвчлалтай мэдэж авсанаар зөвхөн адууны тухай мэдлэг зузаарахаар үл барам бид өөрсдийн түүх, нийгмийн салбарын судалгааны олон асуултанд тодорхой хариулт олж авах бололцоотой. “Хүн хаана байсан, морь тэнд байсан” гэхээсээ илүү “Морь хаана байсан, Хүн тэнд байсан” гэж уран үг эвлүүлж ч болох юм. Гаршуулсан морины гарал үүсэл, нүүдэл суудал, өнгөрсөн түүх бол бидний түүх. Хүн төрөлхтөн хаанаас хааш нүүдэллэсэн, хаана харилцаа идэвхтэй байсан, хаана дайн тулаан болсон, соёл иргэншил хаана цэцэглэж байсан бэ гэдэгтэй холбоотой олон асуултанд хариулт олж авах баталгаатай хариулт авах нэг хэрэгсэл нь адууны генетикийн (удамзүйн) судалгаа юм.

Ямар нэгэн зүйл амьтны нэгж болох бодгал бүр, хүн дээр хувь хүн бүр өөрийн удмын мэдээллийг биеийнхээ ширхэг эс бүрт хадгалсан байдаг. Шашинлаг аясаар яривал бидний удмын мэдээлэл гэдэг нь бурхан биднийг гэрийн хоймортоо залаарай гэж тавьсан номын шүүгээн дэх үсэгт ном. Түүний агуулга бүхнийг бурхан зааж өгсөн байдаг. Бүхлээр нь үүнийг геномын мэдээлэл гэнэ. Амьтны төрөл зүйл бүрт удамшлын мэдээллийг багтаасан номын агуулга, боть товхимлын хэмжээ нь харилцан адилгүй байдаг болохоор амьд байгаль олон өнгөтэй баян тансаг. Учир нь геномын мэдээллээс хамаарч төрж өсөх, бодис солилцоо явагдах, гадаад төрх бүрэлдэх, өвгөрч өтлөх бүх үйл ажиллагаа бий болдог. Биотехнологийн эрин үе эхэлж, хүссэн хүн болоод амьтны геномын мэдээллийг бүрэн дүүрэн уншиж тайлах бололцоотой шинэ технологи нэвтэрсэн билээ. Үүний үр дүнд хүн өөрийн геномын бүрэн дарааллыг 1990 оноос ухаж уншсаар тодорхой 5 “азтай аавын хүүгийн” мэдээллийг бүрэн эхээр нь бичиглээд 2003 онд өргөн барьсан. Технологи ахиж, хүчин чадал сайжирсантай зэрэгцээд морины геномыг тив тивээс сонгосон цөөн тооны бодгаль дээр 2007 онд богино хугацаанд бүрэн уншиж баринтагласан байна. Үүний араас монгол тахь адууны геномыг хүртэл бүтнээр нь уншиж тайлсан. Удамшлын мэдээллийг бүрэн уншиж тайлаад хадгалсан болохоор одоо үүнийгээ эргээд юунд ч ашиглаж болохоор боллоо. Үүнд адууны удамшлын эмгэгийн шалтгааныг тодруулах, гарал үүслийг хөөж олох, угшил болоод үүлдрийн ургийн хэлхээ холбоог тодорхойлохоор үл барам өөр бусад ашигтай талууд, олон тооны онцлогийг морь бүр дээр өөр хооронд нь харьцуулах, ховор үүлдэр угсааг сэргээх, бүр цаашлаад гоо сайхны талаас өнгө зүсний удамшил дээр хүртэл сонирхолтой ажлуудыг хийх бололцоотой болж байна.

“Геном” гэж дууддаг удамшлын мэдээлэл нь өөрөө юу вэ? Энэ нь та бидний ширхэг эс бүрийн бөөм хэмээх эрхтэнцэрт хадгалагдаж байгаа ДНХ хэмээх молекул юм (Зураг 1). Үүнийг та бид ном судраар мөн төсөөлж болно. Нийт ДНХ молекул буюу удамшлын материал нь олон боть ном адил хэсэг хэсгээр тусдаа баринтагласан байдаг. Боть бүрийг “хромосом” гэж дуудна (Зураг 2). Та бид өвгөдөөс үлдээсэн ном судраа гэрийнхээ хойморт баринтаглаж тавиад тоос шорооноос хамгаалсантай яг ижил. Гэхдээ судар бүр зогсолтгүй уншигдаж, доторх агуулга нь бодит амьдрал болж байдаг. ДНХ молекул буюу генийн мэдээллийн дагуу ширхэг эс бүрт уураг бий болж, бидний бодис солилцоо явагдаж, амьдарч байна. Уураг нь амьд биетийн бүтэц, бодис солилцоог явуулж буй бодит материал юм. Жишээлбэл адууны гадаад зүсний олон өнгө төрх бол түүний арьсан дээрх үсний өнгийг нөхцөлдүүлж буй нөсөө уургаас шууд хамаарна. Бор зүсний адууны үс нь хар, цагаан өнгийн нөсөөтэй байхад хөх зүстэй адууны арьсан дээрх үс нь хар өнгийн нөсөөтэй байна. Үүнтэй адилаар адууны зан төрх, бие бүтэц, бодис солилцоо (үүнд тарга хүч авах чадвар, өл даах чадвар г.м.), хурд хүч (зүрхний үйл ажиллагаа, тэвчээр г.м.) бүгд хамаарна. Эдгээр өнгө зүс, бие бүтэц, зан төрх гээд онцгой шинж бүрийг нэг ген буюу удамшлын мэдээлэл геном дахь нэг нэгж нь кодлосон байдаг. Номоор зүйрлэвэл судар дахь бүлэг, хэсэг бүр нь өөр өөр утга агуулга, хичээл сургаал айлдсан байдагтай адил юм. Адуунд чухам нийт хэдэн ген байдгийг тодорхойлсон судалгааны ажил одоогийн байдлаар дуусч хариу нь эцсийн байдлаар гараагүй байна. Харин оюун ухаант хүн та бидэнд нийт 23 хос буюу 46 хромосом, тэдгээр нь нийт 25,000-32,000 генийг агуулсан байдаг нь тодорхой болсон билээ. Бид төдий тооны олон янзын уургийн нийлмэл цогц, хорвоогийн бүтээл гэсэн үг юм. Бидний уналгад ашигладаг адуу буюу биологийн олон улсын латин нэршлээр Equus ferus caballus гэдэг битүү туурайтан зүйл амьтан нь 32 хос буюу 64 хромосомтой (Зураг 2).































Зураг 1.
Хэрэв амьтай бүхний бие бүтцийн нэгж болох эс рүү нэвтэрч дуранбайгаар дурандах юм бол бөөм гэх эрхтэнцэрийг олж харна. Түүн дотор элэнц хуланцаас өвлөж, эцэг эхээр дамжиж удамшиж орж ирсэн бүхий л удмын мэдээлэл болох “геном” байрлана. Бөөм нь бүх удамшлын мэдээллийг аюулгүй, баттай хадгалсан бичил тасалгаа юм. Хэрэв удамшлын мэдээллийг улам бүр томруулж сонирхох аваас хромосом гэх биет бүтэцтэй оршино. Яг л багцалсан ноолууран утас адил. Ноолууран утсыг хөврөөд ханзлаад задалбал удмын мэдээллийн бодит молекул – ДНХ гарч ирнэ. ДНХ утаслагийн дээр бүхий л генүүд нэг нэгээрээ жагсж байрласан байдаг. Хүнийн нийт геномын мэдээлэл нь 30 орчим мянган генээс тогтсон ба тэр бүгд нь нийт 3.2 тэрбум нэгж үсгээр хадгалагдсан байдаг. Адуунд чухам хэдэн ширхэг ген байдгийг ойрын ирээдүйд судалгаа тайлах болно. Харин нийт мэдээлэл нь 2.5 тэрбум нэгж үсгээр кодлогдсон байдаг нь саяхан тодорхой болсон билээ.




































Зураг 2.

Геном буюу генийн иж бүрдэл нь олон тооны боть ном аятай тогтсон тооны багцуудад хуваарилагдсан байдаг. Боть бүрийг “хромосом” гэж нэрийднэ. Амьд биетийн зүйл бүр дэх хромосомын иж бүрдэл кариотип буюу номын шүүгээ нь харилцан адилгүй. Харин нэг ижил зүйл дотроо бол яс тогтсон тоо хэмжээтэй байдаг. Жишээ нь Homo sapiens sapiens буюу оюун ухаант хүн гэдэг зүйл эцэг ба эхээс тус 23 ширхэгийг авч бүрдүүлсэн нийт 46 ширхэг хромосомтой. Хромосом бүр нь хос байна. Өнөөгийн Equus ferus caballus адуу нь 32 хос буюу 64 ширхэг хромосомтой. Номын боть бүр өөр агуулгатай байдгийн адилаар хос хромосом бүр бусдаасаа хэлбэр хэмжээ, агуулах генийн тоогоор адилгүй. Жишээлбэл сүүлийн жилүүдэд сонирхол татаж байгаа DMRT3 ген нь 23-р хос хромосом дээр тус бүр нэг ширхэг байрласан байхад, MSTN ген нь 18-р хос хромосом дээр байрласан байдаг. Тус генүүдийн өөр өөр хэвшинж нь адууны харайлт, хурд авах чадвар, булчингийн хөгжлийг илэрхийлж өгдөг тул морин спортынхон адууны шинжилгээнд өргөн ашигладаг болох ирээдүй харагдаж байгаа юм. Мөн зүрхний үйл ажиллагаанд оролцдог, өнгө зүсийг нөхцөлдүүлдэг генүүд шинээр нээгдсээр байна (ногоон өнгөөр байрлалыг тэмдэглэв).


Амьтан ургамлын эсийн бөөм бүрт геном нь 2 хувь хадгалагдан байдаг. Учир нь бид үр тогтож хүн болохдоо нэгийг нь эцгээс, нөгөөг нь эхээс хүлээж авдаг. Хүлэг морьд ч адил: эцэг болон эхийн талаас удамшлын мэдээллийг 50:50 харьцаатай төгс хүлээж авсан байна. Тиймээс адуунд шинж тэмдгийг нөхцөлүүдэгч “ген” гээд байдаг зүйл нь тус бүр 2 ширхэг байна. Жишээлбэл эцэг ба эхээс өвлөж авах өнгө зүсний нэг генийг хүлэг морь бүр тус бүрээс 1 ширхэг, нийт 2 ширхэгийг удамшиж авах бололцоотой гэсэн үг. Үүнийг морин спорт сонирхогчид, адууны удамзүйчид мөн хоёр талаас нь тайлбарладаг: ашигтай байх эсвэл ашиггүй байх. Таны сонирхсон уралдааны хүлэг морь илүү холын угшил холилдож гаргасан бол эцэг ба эхээс удамшиж авсан ген бүр 2 өөр байх бололцоо өсч байна гэж ойлгох нь зүйтэй. Нэг ижил генийн 2 хувилбар өөр хоорондоо адилгүй, олон янз байх тусам илүү баялаг, илүү өргөн сонголтыг уралдаанчид олгож байгаа юм. Энэ утгаараа ашигтай гэж болно. Нөгөө талаас, нэг янзын цэвэр угшил хөөж гаргасан хүлэг морь дээр эцэг ба эхийн талаас хүлээж авсан хос ген бүр нь өөр хоорондоо ижил байх хандлагатай байдаг. Тухайн ген нь давхилт, зүрхний үйл ажиллагаан дээр ажиглалтаар олж хараад зөвхөн түүнийг хүсч сонгож ирсэн сайн хувилбар байх хандлагатай. Нэгэнт хүн хүссэн шинж тэмдэг дээр яг ижил 2 ширхэгийг өвлөж авна гэдэг нь бүр ашигтай гэж ойлгож болно. Энэ утгаараа угшил, хольц их байхад хүмүүс сонирхохгүй байж болно. Гэхдээ ген бүрт дээд тал 2 хувилбар бий гэж ойлгох нь дулимаг юм. Монгол адууны гайхалтай баялаг өнгө зүс бол олон янзын генийн, олон арван янзын хувилбар билээ. Жишээлбэл, өнөөг хүртэлх судалгааны үр дүнд адууны нүдний өнгийг нөхцөлдүүлэгч ганц ген дээр нийт 7 янзын хэвшинж буюу хувилбар байдаг гэдэг нь тодорхой болжээ. Тэгвэл хорвоо дэлхий дээр тус ген эцэг ба эхийн талаас үр төл дээр тус тус 1, 1 ширхэгээр хорших боломж 27 буюу 128 янз байх нь. Адуун нүдний өнгө 128 янз байх бололцоотой байна гээд төсөөлнө үү.

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл