All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Монгол адуу МӨН эсвэл БИШ...

Та бид мананд төөрсөн гэдгээ юуны түрүүнд олж мэдэх нэг хялбар арга зам бий. “Монгол адуу гэж юу вэ” хэмээх ганц асуулт. Та баталгаатай хариулт өгч чадах уу? Та морь сонирхож эхэлсэн цагаас хойш энэ асуултанд яс хариулж байв уу? Бодьтой, барьцтай, батлагдсан хариулт хэрэгтэй байна. Яг ийм, тийм, тэд гээд. Би хувьдаа хариулж мэдэхгүй. Бүгдээрээ хариултыг дэс дараалалтай, утга учиртай хайж олъё.

Адуутай холбоотой, гол болгож баримталдаг манай улсын стандарт нь 2010 онд батлагдсан MNS 4099:2010 баримт бичиг мөн. Дугаарыг нь харвал нилээн хожуу батлагдсан тус стандартыг дэмнэх стандарт нь MNS 6176:2010 дугаартай баримт бичиг юм. Удмын мэдээллийн тодорхой хэсгүүдийг ашиглан нутаг нутгийн адууны бүлгэмдлийг өөр хооронд нь ерөнхийд нь ялгаж хэлэх, ургийн хэлхээ холбоог тогтоох боломжтой Япон болон Солонгосын их сургуулиудын судалгааны аргачлалыг манай улсын мал эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн ажлын талбай дээр туршиж, дотоодын аргазүйг боловсруулж батлуулжээ. Тус стандарт тухайн үед хэдийнээ эхэлчихсэн байсан “эрлийз мөн биш” гэсэн асуултанд хариу өгөхөд тодорхой хувь нэмэртэй, ач холбогдолтой ажил байв. Тэртээх Солонгос, Японы адуун дээрх аргачлал манайд тохирох үгүйд эргэлзэх бол хэрэггүй. Адуу бол адуу. Ганц зүйл амьтан. Дэлхийн өөр өөр өнцөг булан бүр дэх адуу өөр хоорондоо гарал үүсэл нэг гэдгийг молекул биологийн аргаар баталгаатай хэлж өгдөг. Ялангуяа Японд хийгдсэн ажилд манай зүгээс профессор Ц.Оюунсүрэн бодит дэмжлэг үзүүлсэн, төвийн болон зүүн аймгуудын томоохон нутгийн адууг хамарч хийсэн ажил байдаг. Японы уугуул адуу эрт цагт Монголын тал нутгаас зүүн тийш Солонгосын хойгт хүрч, цаашлаад Японы арлуудад хүрсэн сүрэг болохыг тус ажил тод харуулсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа монгол адуу гэж нэг бүлгэмдлийг ерөнхийд нь бусдаас бүдүүн бааргаар ялгаж тодорхойлж чадна. Манайхтай тун ойр бүлгэмдлүүд ӨМӨЗО, Буриад, Тува, Алтай, Казахстаны нутгуудаар бий. Хаанахын ямар адуу байх нь хамаагүй, биологийн өчүүхэн дээж байхад өнөөгийн технологоор яг таг хэлээд өгнө.

Манай улсын мэргэжилтнүүд багахан хэмжээний судалгаан дээрээ суурилж бий болгосон MNS 4099:2010 стандарт нь “Монгол ҮҮЛДРИЙН адуунд тавигдах ерөнхий шаардлага” гэсэн албан ёсны нэртэй. Үүлдэр гэж чухам юу вэ? Хүн бүхэнд өөрийн ойлголт бий. Мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд бүр тодорхой. Үндэсний их тайлбар толь ч хэлээд өгнө: “үндсэн шинж, ашиг шимээрээ бусад амьтнаас ялгаатай, нэг гарал үүсэлтэй тодорхой нөхцөлд үржүүлдэг бүлэг мал, амьтан”. Улсын стандарт материалд монгол адууг дотор нь “монгол адууны үүлдэр ба 4 омог” болгож заасан байдаг. Удам төрөл, угшил нь бүрэн тодорхой бус, олон тооны нутгийн уугуул амьтны бүлгэмдэл байж болно. Гол нь өөр хоорондоо төстэй тохиолдолд нийтээр нь хялбарчлаад үүлдэр буюу ‘breed’ гэж нэрлэдэг. Омог гэдэг нь “монгол адуу” гэх нийт бүлгэмдлээс морь шинжээчдийн ажиглалт болоод лабораторийн шинжилгээгээр олж илрүүлсэн, өөр хоорондоо бага зэргийн ялгаатай бүлэг адууг хэлнэ. Төв Азийн дамнан идээших гурван гаран сая тооны, олон арван зүсмийн адууг ганц үүлдэр болгоод хайрцаглах нь зөв үү? Үнэхээр ганц үүлдэр, дөрөвхөн омогтой юу? Стандартын дагуух мэдээллийг зугаатай маягаар төсөөлөх юм бол манай моридын бүлгэмдэл нь БНХАУ-ын төрийн далбааны загвар шиг төсөөлөгдөж байна. Үндсэн “үүлдэр”-ийг голын том таван хошуу, бусад 4 омог нь тойроод байрласан жижиг таван хошуугаар төсөөлж байгаа минь тэр. Тэгвэл молекул биологи удамзүйн орчин үеийн судалгааны арга барилаар илүү нарийвчилсан судалгаа хийгээд үзтэл “монгол адууны үүлдэр” нь ганц том таван хошуу болгож ерөнхийд нь хэлсэн бүлгэмдэл нь олон арван омог болж таарвал яах вэ? Өөрийн мэргэжлийн салбар, арга барилаа шүтдэг би “гарцаагүй тийм үр дүн гарна” гээд одоо мөрийцөөд ам алдчихая. Монгол Адууны Удмын Мэдээллийн Сангийн (МАУМС) 8 аймгийн нутгаас түүвэрлэсэн 400 гаруй адууны думын бичиглэл дээрх судалгааны үр дүнгээр эхний дүр зураг аль хэдийнээ харагдаж байна. Үүнийг цаашид илүү олон тооны адууг хамруулах шалгах боломжтой. Асар их хэмжээний адууны нүсэр бүлгэмдлийг ганц үүлдэр, ганц хэвшинжийн адуу гэж итгэснээр бид өөрсдийгөө өчүүхэн болгож харагдуулж байна. Ирээдүйд монгол адууны үнэн дүр зураг яг л АНУ-ын төрийн далбааны 50 ширхэг од шиг олон тооны угшил, омог болж задарч харагдах нь тодорхой байна. Та бид унаган нутгийнхаа адууг өөр хооронд нь төгс ялган дүйж 100% баталгаатай оношлож доторхойлж мэдэхгүй байж эрлийз, 1-р үе, 2-р үе гээд цэц булаалдаж цагаа үрэх огт хэрэггүй юм байна. Үүнийг харуулах судалгааны үр дүн ойрын ирээдүйд олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн даруйд манай улсын стандарт дагаад шинэчлэгдэх шаардлага гарна.

Ирээдүйд илүү нарийвчилсан судалгаа хийгдэнэ гэдэгт өнөөгийн стандартыг боловсруулсан салбарын мэргэжилтнүүд найдаж байсан учир англи нэр хаяг дээр “үүлдэр” гэдэг үгийг оруулаагүй далдалчихсан байх гэж би эерэг талаас нь боддог. Үүнд “Монгол үүлдрийн адуу” гэдэг монгол хаягаа “Mongolian horse” (монгол адуу) гээд бөөрөнхийлөөд нэрлэчихсэн байгаа. Өөр сонголт байгаагүй байх. Угаасаа гадны орнуудад ‘breed’ буюу үүлдэр гэдгийг нутгийн нэг ойролцоо угшил омгууд гэхээс илүүтэй эрчимжүүлсэн мал ажуй талаас хардаг тул манайхан гадаад хаяг дээрээ тэр үгнээс зайлсхийх шийдвэр нь ч зөв байсан байх. Харин тус стандарт бичигдсэн байдал, агуулга нь зугаатай бөгөөд тансаг үгтэй яруу найргийн бүтээл юм. Та цайх уух зуураа уншаад үзээрэй. Жишээлбэл,

[5.1. ...ашиг шимээ өгсөөр ирсэн, тэсвэр хатуужилтай, байгалийн шалгарал, нутгийн ардуудын олон жилийн ухамсартай үйл ажиллагаа, ардын селекцийн ажлын үр дүнд бий болсон сүрэг юм...]. Стандарт материалд өнгөрсөн үе, ер монгол адууны ерөнхий танилцуулга оруулах шаардлага байдаггүй юм. Сүрэг гэж чухам хэдий тооны бүлэг адууг хэлээд байна? Нүдээрээ багтааж харах боломжтой хэмжээ юм уу? Эсвэл яг 100 эсвэл 200 толгой бодгаль юм уу? Ардын селекци гэж чухам яг ямар ажилбар вэ? Ухамсартай үйл ажиллагаа гэж яг юу вэ? Бүгдийг нь хавсаргаж тайлбарлаж, яг таг ганц утгаар заах учиртай.

[5.2. ...биологи ахуйн өвөрмөц онцлогтой, сэргэлэн цовоо, чийрэг бие цогцостой...]. Яг ямар өвөрмөц онцлог юм бол? Заасан тодорхой онцлогууд байна уу? Яг ямар зан төрхийг сэргэлэн цовоо гэдэг юм бол? Жишиг бичлэг, эрдэм шинжилгээний тооцоолол, харьцуулалт, тоон үзүүлэлт бий юу? Чийрэг бие цогцос гэж яг ямар орчин нөхцөлд яаж тэсэх үзүүлэлт вэ? Хоол тэжээлийн онцлог, биеийн байдлаас болоод гундуухан, намар бээрээд байвал стандарт хангахгүй байх нь. Харахад яг монгол адуу байсаар атлаа бээрээд байх юм бол монгол адуу биш. Шууд мах комбинат руу...

[5.3. ...сахлаг, өтгөн дэл сүүлтэй...]. Өтгөн болон түүнтэй харьцуулах шингэн, дундаж гэсэн тодорхойлолт бүхий дэл сүүл гэж байна уу? Тоон үзүүлэлт бий юу?

[5.4. ...уртавТАР нарийн хүзүү, монхорДУУ хамар, гүн өргөн цээж... бат бөх ястай...]. Урт, уртавтар, богино гэдэг яс тогтсон үзүүлэлт бий юу? Монхор биш, монхордуу, монхор хамар гэж тогтсон зураглал, анатомийн хэмжээ харьцаа бий юу? Яг хэдээс дээш хэмжээтэй цээжийг өргөн гэж үзэх вэ? Яг хэдий хэмжээний даралт тэсвэрлэх ясыг бат бөх гэх вэ? Эсвэл дээрх бүгдийг ямар морьтой харьцуулсан үзүүлэлт вэ?

[5.9. ...гүү нь хээл авах чадвар сайтай... амьдралын хугацаанд 12-оос доошгүй унагална...]. Хээл авах чадвар сайн гэдэг нь яг ямар судалгааны ямар тоон үзүүлэлт вэ? Судалгаагаар ямар адуутай харьцуулахад хээл авах чадвар сайн гэх вэ? Сайн гэдэг нь яг юуг хэлнэ вэ? Дунджаар 12-аас доош унагалсан гүү бол монгол адуу биш, алдарт гүүний одон өгөөд хэрэггүй юм байна.

...гэх мэт бүх заалтууд нь цай уух зуураа таталсан уран яруу найргийн шүлэглэл. Энэ бол ганц нэг жишээ. Та өгүүлбэр бүрээс нь зугаатай танин мэдэхүйн зүйл олж унших болно.

Бие бүтэц дээр зөвхөн 4 хэмжүүрийн тоон үзүүлэлт, биеийн жинг заасан байдаг. Ердөө л 4... Нутгийнхаа морьдын үүлдэр угшил дээрх үзүүлэлтийг гаргасан гадны бусад стандартуудтай харьцуулбал тун ядмаг үзүүлэлт. Мөн хачирхалтай нь тус хэмжээг дундажлаад ганц тоогоор, жишээлбэл мянгад омгийн адууны азарга 131см өндөртэй байнаа гээд өгчихсөн байдаг. Бага зэрэг дээш ба доошоо азарга байж болохгүй нь бололтой. Хэрэв гажиж болдог бол яг хэдэн см-ээр гажих вэ гэдэг заалт байхгүй. Бүр зугаатай нь монгол адууны стандарт үзүүлэлттэй огт хамаагүй, “адууг хэрхэн тээвэрлэх тухай” гэх зэргийн өгүүлбэрийг араас нь хавчуулсан байдгийг хэлэх юун. Адууны үүлдрийг таних, арчлах тордох талаарх гадны ерөнхий гарын авлага материалыг гартаа тааралдсан даруйдаа орчуулаад тавих гэж санаад, яваандаа залхуу нь хүрээд шууд өөрсдөө онгодоо хөглөн бичсэн гэмээр.

Адуутай холбоотой гол баримтлах үндэсний стандарт маань нэг тиймэрхүү. Стандарт бичих арга барил, туршлага байгаагүйнх гэж хэлж болох юм. Та бидний юманд хандах хандлага, байнга баримтлах зүйлээ чанартай хийж хүртээл болгох талаарх ойлголт, хүсэл эрмэлзэл ядмаг байгааг тод харуулж байгаа ажил юм болов уу даа. Гол заалт бүр ямар ч утгагүй, баримтлая гэхээр бариад авах зүйл байхгүй дээ. Стандарт гэдэг нь үзэж хараад, хэмжээд, шинжлээд, тоон болон бусад нэгж хэмжүүрээр илэрхийлэгддэг параметрүүдийг яс заасан, түүнийг нь цаашид мөрдөөрэй гэж захьсан бичиглэл байх учиртай. Стандартыг бичсэн хүн нь байхгүй ч хэн нэг нь уншаад, мөрдөөд, горимыг дагахад бүх зүйл тодорхой байх нь гол зорилго мөн. Манай өнөөгийн стандарт бол хэн нэг нь монгол адууны тухай ерөнхий мэдээлэл авах зорилгоор Википедиа хуудсаар зочилж уншвал зохих ерөнхий танин мэдэхүйн материал юм. Гадны стандарт материалууд бүтнээрээ файл хэлбэрээр интернет сүлжээгээр хангалттай бий. Эдгээрийг олж авахдаа бус, шаардлагатай зүйлсээ мэдэж авч өөрийн хөрсөн дээр буулгах оюуны чадамж, хүсэл эрмэлзэл та бидэнд дутаад байна уу даа...

Энэ бүгдээс ганц дүнгэлт: монгол морь гэж юу вэ гэдгийг заасан утга төгөлдөр стандарт заалт манайд байхгүй. Бүгд бантандуулсан. Угшил, омог, үүлдэр, шинэ эсвэл хуучин монгол гэх мэтээр одоо цаашид дур мэдэж нэрлэх үгүй нь хувь хүний сонголт болж байгаа. Монголчууд бид морь шинжихдээ гарамгай ч монгол адуу гэж яг юу вэ гэдгээ мэргэжлийн түвшинд мэддэггүй, ойрын хугацаанд мэдэх болоо ч үгүй ард олон юм. Үүнийг шийдвэрлээд цэгцлэхэд юу саад болж байна вэ? Юун түрүүнд эх орны минь хөрсөн дээр төрж бойжоод бэлчих адуу дэндүү олон янз, дэндүү баялаг юм. Монгол адуу гэж юу вэ гэдгийг бодитоор, шинжлэх ухааны аргаар асар өргөн хүрээтэй ажлыг хийж таньж мэдээгүй асуудал шийдвэрлэгдэхгүй.

Суурь стандарт маань нэг тиймэрхүү болохоор удаах гаргалгаа стандарт өөр нэр хаягтай ч тахир дутуу хуулан бичлэг болсон нь тодорхой. Энэ нь 2014 онд батлагдсан MNS 6464:2014 дугаартай “Хурдан моринд тавих ерөнхий шаардлага” бичиглэл. Монгол адуу гэдэг асуултын хариуг мэдэхгүй, эрлийз гэсэн хэтэрсэн хийрхэлтэй, хүн бүрийн дотор шинэл ба хуучин үзэл хоорондоо тулчихаад, хажуугаар нь морь шинждэг ах нар өөр тус бүртээ өөр өөрөө шинжээд суутал морийг сэрвээний өндрөөр нь ялган дүйж уралдуулах журам гарав. Судалгаа хийгээгүй ч баримжаалаад таах юм бол тус журам нь тэр жилдээ морин уралдаан сонирхдог Монголчуудын маань 10 хүн тутмын 8 хүний магнайг тэнийлгэж, 1-ийг нь гайхашруулж, 1-ийнх нь дургүйг хүргэсэн болов уу. Манай морьтонгууд өөр өөр санаа бодолтой, дур сонирхолтой, өөр өөрийн арга барилаар морио уядаг байх. Тэд нарын ганц санал нийлдэг юм нь үндэсний өв соёлыг дээдлэх, түүнд биечлэн оролцох, Монгол хүн гэдгээ мэдэрч таашаал авах мөн. Тус журам нь гарах хэрэгтэй байсан уу? Зайлшгүй, яаралтай хэрэгтэй байсан. Монгол адууныхаа удам угсааг хадгалан үлдэх, морь уядаг хүн бүрийн эрх ашгийг харгалзан үзэх гээд л хүн бүр талархсан байх. Нөгөөтэйгүүр зарим бүлгүүдийн эрх ашгийг бодолцсон, юугаа ч мэдэхгүй байж гаргасан шийдэл гээд л шүүмжлэл яалаа гэж дутах вэ. Журмыг гаргах үнэн шалтгаан, шаардлагыг сонин мэдээлэл, хэвлэл, хүмүүсийн ярилцлага, өөр хоорондын яриан дундаас та бид тухайн үед нь хангалттай олж мэдээгүй. Учир жанцан нь “шинийг баримтлагч” ба “хуучныг баримтлагч” морь сонирхогч хоорондын ирээдүйн боломжит үл ойлголцлыг цагийн эртэд арилгахад байв. Стандартыг санаачилсан, боловсруулсан, шийдвэрлэж батлуулсан хүмүүс сайн ойлгож байсан, чухам хэр их хичээл зүтгэл гаргасан бэ гэдгийн би хувьдаа тааж мэдэхгүй юм. Ямар ч байсан улаан шугам татаж зохицуулах гэж оролдсонд талархах нь зүйтэй. Тэгээд ах нар маань морьтон монголчуудынхаа аль алины эрх ашгийг харгалзаж, яавал дээр вэ гэдгийг багагүй бодсон атлаа үндсэн монгол адууны стандарт баримтын адилаар “хөгжөөнтэй танин мэдэхүй” ханын сонин шиг стандарт батлуулсан нь уралдааны морьдын MNS 6464:2014 юм. Стандарт материалд англи нэр хаягийг зоохдоо “fast horse” гээд нэрлэсэн байгаа нь зугаатай. Манайхаас өөр улсад “хурдан морь” гэсэн үг хэллэг дуудлага байхгүй гэдэг дээр мөрийцөж болно. Уралдааны морь буюу “race horse” гэсэн хэллэг бий. Бусдаасаа илүү хурдлаад ирсэн морьдоо “нүдний бясалгал” ба ам дамжсан баримт дээр түшиглэж хасч хаяад тусад нь уралдуулдаг мөртөө бүх л уралдаана “хурдан мориных” гэж нэрийддэг агуу нүүдэлчин түмний маань хачин жигтэй жаяг энэ дэлхийд өөр хаана ч байхгүй. Уул нь уралдааны морь (race horse) гэдэг үг ашигламаар. Ойрын ирээдүйд өнөөх өндөр хурдны морин тойруулга байгуулая гэж мөрөөдөөд дагалдах шинэ стандартын нэрийг давхцуулахгүй гээд тэгэв үү? Монгол морины уралдаан бол үндэсний наадам зугаа тул уралдаан тэмцээн гэж хэлэх нь ёсзүйгүй гэж шийдсэн үү? Барууны үүлдрийн дааган насны биеийн хэмжээтэй монгол морийг “уралдааны” гэж гадны хүн сонсоод шоолно гэж ичсэн үү? Ямартай ч өнөөдрийн бидний үндэсний морин уралдаан бол бай шагнал, бооцоо, нэр алдар өсгөх зорилготой бодит тэмцээн уралдаан болсон нь үнэн. Хувь хүмүүсийн хооронд наадам гэхээс илүү уралдаан байсан, тийм ч байх болно. Тиймээс ч “эрийн наадам” гэдэг 3 наадгайн нэг нь. Бодвол “морин уралдаан” гэдэг үгнээс зугтаагүй байх. Стандартын англи нэршлийг ингэж утгагүй тавьсан шалтгаан дээр бодит оношлогоо бол тус стандартыг бэлтгэсэн хүмүүс орчуулгын толь бичиг хараад шууд машиндаад тавьчихжээ. Үүгээр та бидний хувийн бус олон нийтийн асуудалд хандах хандлага, хичээл зүтгэл ямар байгаа нь хялбархан танигдах юм даа. За тэгээд шинэ стандарт маань яагаад зөвхөн сэрвээний өндрийг баримтлав? Хэн нэгнээс сонирхож асуувал заавал нэг нутаг хаяглана, хэн нэгэн улстөрчийг харааж зүхнэ, хэсэг хүмүүсийн ашиг сонирхлын ахан дүүс болоод хуваагдсан маягаар ярьж эхэлнэ. Шууд хамаарал байхгүй зүйлийг үндсэн ужиг шалтгаан болгож тайлбарлана. Ухаад үзвэл тийм биш юм. Тэр нэгэн цуутай дүрмийг гаргахын урьдаар нөлөө бүхий хүмүүс нь “үндэсний юм шүү” гэсэн ашиг сонирхлыг чухалчилж, тэргүүний уяач, морь шинжээчдийнхээ зөвлөгөөг голоо болгосон байгаа нь тод харагддаг. Шийдвэр гаргасан хүмүүс өөрсдөө нижгээд эрлийз адуутай байсан гэдгийг санах нь зүйтэй. Сүрэгт нь эрлийз адуу байгааг мэдсэн ч улсын хэмжээнд хүлэг морьд өнөөгийнх шиг ийм далайцтай цус сэлгэж холилдоно гэдгийг ах нар маань даан ч төсөөлсөнгүй. Том адуу нь ганц үеийн дараа давжаарна гэж төсөөлжээ. Морьтон олныхоо ашиг сонирхлыг хүндэлмээр, зэрэгцээд “шинэлэг үндэсний хөрөнгөтөн” найзуудаа ч халамжилмаар... Тэгсээр голыг нь дайруулаад журам гаргасан. Уралдааны адууг томруулахгүй гэсэндээ Монгол адууны талд илүүтэй зогссон, гэхдээ аргыг нь олж чадвал гадны цус холилдсон нэгнээ (аз нь таараад сэрвээ намхан бол) уралдаанд тавьж болно. Олон нийтээ бодсон ч “шинийг баримтлагч” хүмүүст амьсгалах зай үлдээсэн шүү. Өөр арга алга даа. Өөр гоц шинэ санаа оноо байгаад нэмэргүй. Монгол адуу гэж юу вэ гэдгээ мэдэхгүй, дээрээс нь эрлийз гэдгээ яс ялган дүйх шинжлэх ухаан дээр суурилсан аргачлалыг эрт нэвтрүүлэх боловсрол мэдлэг, зориг дутсан. Лабораторийн нарийн ажилбар дээрх мэргэжилтэн нь ямар ч хүмүүс байдаг юм бүү мэд, бүгд гадагш гараад явчихсан. Байлаа ч хэнийх нь гар хөл болж худалдагдчих бол гээд л хар дарж зүүдэлсээр. Морьтон ард түмэн маань шинжлэх ухаан гэхээр л цэрвэдэг болохоор ойлгуулж хүлээн зөвшөөрүүлнэ гэвэл бүтэн үе өнгөрнө. Бодит байх боломжгүй шалгуур ч гэлээ магад ах нар “юмыг туршиж үзэж байж” сайжруулнаа гэж найдаад асуудлыг хаах гэж үзсэн байдал юм. Хоёрын хооронд, гурвын дунд болсон тус шийдэл маань хамгийн эгэл бөгөөд боломжтой нь байв. Гадаад хэл мэддэг өсвөр насныхан бол энэ шийдэлд “гомо шийдэл” гэсэн хоч өгнө. Адуу маань конвейерын системээр лаазалж гардаг үйлдвэрийн бүтээгдэхүүн биш, амьд биет юм болохоор мөнхийн нэг хэвийн байхгүй. Өнөөдрийн инээдтэй нөхцөл байдал гэвэл уралдаанд оруулбал зохих моридын өндөр нилэнхүйдээ өсөх хандлагатай байна. Үүнийг олж харсан “шинийг баримтлагч” морь шинжээчид маань мишэлзээд, “хуучныг баримтлагч” морь шинжээчид маань унтууцаж байна. Ирээдүйд асуудал хаагдахгүй. Анхлаад мэргэжлийн бус яриа хөөрөөн дээр суурилж, сэтгэл харамлаж хийсэн стандарт одоо биднийг үе дамжин бухимдуулна, талцуулна. Хэсэгтээ намжаах хандлага ажиглагдах ч өнөөгийн журмыг анх алга ташиж хүлээж авсан морь сонирхогчид маань өөрсдөө хана мөргөж эхэлж байна. Хорхойслоо дагаад морио уралдуулъя гэтэл өөрсдөө том хаалтыг босгоод тавьчихсан байдаг. Үндсэндээ өнөөдөр бидний морин уралдаан “хурдан морины буюу дээд лийг” ба “удаан морины буюу доод лийг” гэсэн 2 хэсэгтэй болчихжээ. Дээд лийг нь бяртай чадалтай, хуучинд баригдах дургүй хүмүүсээр бий болж л дээ. Харин та бидний доод лийг маань нэхэл хатуу, гомдож туньж дуусдаггүй бөгөөд түүнийгээ “эх орон” “үндэсний...”, “монгол морь”, “цэвэр монгол” зэрэг нандин үгсийг “бусад нь эрлийз”, “эрлийзийн эзэн нь өөрөө эрлийз” гэх зэргийн таагүй үгтэй хольж шалтгаанаа болгосон бүлэг байх шив дээ.

Адуутай холбоотой бидний үндэсний стандарт бол та бид асуудалд хэрхэн ханддаг, ямаршуу чадамжтай морьтонгууд болохыг тод томруун харуулсан бүтээл юм. Морийг шинжих ур ухаантай, морин дээр өсдөг монгол ард түмэн бидний ямарваа нэг асуудалд сэтгэл гаргаж ул суурьтай, үүнд шинжлэх ухаан дээр тулгуурлаж ханддаг уу эсвэл халтууртаж мэдрэмжээрээ шийддэг үү гэдэг нь тодорхой харагдана. Чанаргүй боловсролтой, буруу хандлагатайн харгайгаар бид монгол адуугаа сайн дураараа сэтгэл санаандаа монгол биш болгож тэр нь үе дамжсан ужиг боллоо. Ингэснээрээ бид адуугаа хайрлаж хамгаалж байгаа гэхээс илүү тэнэгээ харуулж байна. Бид өөрсдөө юмгүй хоцрохоор үл барам өнөөгийн бусад нүүдэлчин ахуй дээр суурилсан ард олон болох Казахстан, өвөрмонголчууд, буриадуудын өмнө элэг доог болсон морьтонгууд болж хувирчээ.

Тус мэдээллийг бүрэн эхээр нь Ухаантай Морь сэтгүүлийн 2016 оны 5-р сарын дугаар дээрээс уншиж болно.

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл