All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Митохондрийн ДНХ мэдээлэл гэж юу вэ? (6)




МИТОХОНДРИЙН ДНХ ГЭЖ ЮУ ВЭ?


Тус мэдээллийг татаж авч болно.

Адууны удмын дийлэнх шинжилгээ нь ширхэг эсийн бөөмд агуулагдах удмын бичиглэлийг уншуулах дээр суурилдаг. Ямар ч адууны бөөмд агуулагдах удмын мэдээлэл нь амьтан бүрийн эцэг ба эх амьтны удмын мэдээллийг 50:50 харьцаатай эн тэнцүү хоршуулж авсан иж бүрдэл юм.
Митохондр гэдэг нь эсийг дотроос нь эрчим хүчээр хангаж өгдөг онцгой нэгэн бичил эрхтэнцэр юм. Азаргын талаас орж ирэх эр бэлгийн эсэд митохондр байдаггүй. Харин эхийн талаас орж ирэх өндгөн эсэд олон мянгаараа байдаг онцлогтой. Тиймээс үр тогтсон эс болоод цаашид бойжиж бий болсон адууны ширхэг эд эс бүр дэх митохондр нь зөвхөн эхийн талаас хүлээж авсан зүйл юм (Зураг 1).




Сонирхолтой нь митохондр өөрийн гэсэн багахан хэмжээний удмын мэдээлэлтэй / гентэй. Үүнийг бөөмд агуулагдах үндсэн удмын мэдээллээс гадуур, зөвхөн эх дагах удмын мэдээлэл гэнэ. Товч нэршил нь митохнодрийн ДНХ юм. Тухайн төл адууны хүйс ямар байхаас үл хамаарч митохондрийн удмын мэдээлэл нь 100% эхийн талаас орж ирсэн байна (Зураг 2).



Эс дотор олноороо байх митохондр хэмээх эрхтэнцэрийн ДНХ мэдээлэл нь тухайн эсийн бөөм дэх удмын үндсэн мэдээллээс даруй 100 дахин илүү өөрчлөгдөж хувирч байдаг онцлогтой. Нэгэн гүү ба түүний эхийн талын эмэг эх гүү тус бүрийн митохондрийн удмын бичиглэлийн эрс хувирамтгай хэсэг гэгдэх D-loop бичиглэл нь хоорондоо даруй 0.01%  ялгаатай болсон байдаг. Энэ нь байгаль дэлхийн хувьслын цагийн хэмжүүрээр бол асар хурдтай өөрчлөлт мөн. Жишээлбэл ойрын хугацаанд буюу 10 орчим үеийн өмнө ураг салсан угшил нэгтэй адууг өөр хооронд нь ялгах, ураг салсан цаг хугацааг олж тогтоох зэрэг ажилд бөөмийн удмын мэдээллээс илүүтэй митохондрийн удмын мэдээлэл яг таг хариулт өгдөг давуу талтай. ЗанааСпекс ХХК нь орчин үеийн технологи ашиглан митохондрийн ДНХ дарааллыг уншуулна. Өөрийн мэргэжилтний ур чадвар дээр суурилж үр дүнг шинжилж, тусгай статистик аргачлалаар ямар ч адуу хоорондын эхийн талын ургийн холбоог өндөр нарийвчлалтай тооцоолж гаргаж ирнэ. Жишээлбэл сонирхсон 2 адуу нь эхийн талаараа хэдэн үеийн өмнө ураг салсан болохыг тооцоолж гаргах боломжтой.

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл