All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Тод овогт Халтарын Лувсанбалдан



Тод овогт Халтарын Лувсанбалдан
 (1925-1992) нь монгол хэл бичиг тод үсэг судлаач, хэл шинжлэлийн салбарт нэр хүндтэй эрдэмтэн юм.
Тэрээр 1925 онд Дундговь аймгийн өнөөгийн Сайнцагаан суманд “чулуун хороо” нутагт төржээ. Амьдралынхаа туршид үндэсний хэл бичигтэй холбогдолтой түүх дурсгалыг судалж түгээн дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан нэгэн юм. Дотоод яамны сургуулийг төгссөн тэрээр 1951 оноос Монгол Улсын Их Сургууль болоод Дотоод яамны дунд сургуулийг хариуцсан байцаагч, 1953 оноос Монгол Улсын ерөнхий сайдын орлогчийн нарийн бичгийн дарга, 1957 оноос 1960 оныг хүртэл БНМАУ ба БНХАУ хоёр улсын найрамдалт харилцааны санамж бичигт заасны дагуу Өвөр Монголын Их Сургуульд багшаар томилогдож, тус сургуульд монгол хэл бичгийн тэнхимийг эхлүүлж байв. ӨМӨЗО-д үндэсний өв соёл болоод монгол бичиг судлалын салбарынхан дунд Халтарын Лувсанбалдан нь монгол бичгийг түгээн сурталчилахад хувь нэмэр оруулсан багш хүн гэж нутгийн хэл бичгийн мэргэжилтнүүд өдийг хүртэл дурсаж явдаг ажээ. Дараагаар нь 1960-1988 онуудад Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд судлаач, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг гүйцэтгэж байв. Хүрээлэнд ажиллаж байхдаа 1975 онд их эрдэмтэн Бямбын Ринченгийн удирдлага дор “Тод үсэг, түүний дурсгалууд” судалгааны бүтээлийг туурвиж эрдмийн зэрэг цол хамгаалжээ. Түүнээс удалгүй их багш Бямбын Ринчен болоод Халтарын Лувсанбалдангийн үр хүүхэд, зээ нар нь ураг барилцсан байдаг.



Ном бүтээлийн хувьд үндэсний хэмжээнд монгол кирилл үсгийг утга учиртай хэвшүүлсэн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) бүтээлийн редактор болоод албан бус зохиогч, “Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” (1979) бүтээлийн зохиогчдын нэг гэдгээр ард түмний дунд танил юм. Мөн тод бичгээр хадгалагдаж үлдсэн үнэ цэнэтэй бүтээлийг олон нийтэд таниулах тал дээр хийсэн ажлууд нь “Даваач ноёны бичиг”, “Үлгэрийн далай”, Зая бандидын монгол хэл рүү хөрвүүлсэн “Эрдэнийн сан субашид”, “Хан харангуй” ном судрыг 1970-1975 онуудад кирилл үсэг рүү хөрвүүлсэн явдал юм.
Мэргэжлийн салбарт “Хуа-и-и-ю толь бичиг” (1960),  “Ачлалт номын тухай” (1961), “Эртний монгол хэлний үгийн эхний “х”-ийн тухай асуудалд” (1962), “Аруг вангийн хөшөөний бичиг” (1962), “Эртний монгол хэлний тооны зохицлын ул мөр” (1962), “Биеийн төлөөний нэрийн үндэс” (1967), “Торгууд, урианхай аман аялгуун дахь мину, чину, ину гэдэг төлөөний үгийн язгуур” (1967), “Торгууд аман аялгууны онцлог” (1975) зэрэг шинэлэг судалгаа, бүтээлийн ажлуудаар танигдсан байдаг. Түүний бүтээл дундаас эрдмийн зэрэг цол горилсон “Тод үсэг түүний дурсгалууд”, мөн “Ачлалт номын тухай” нь дэлхий даяар монголч эрдэмтдийн дунд нэр хүндтэй ажил юм.
Халтарын Лувсанбалдан нь аман хуур болон саксофон тоглох, хүлэг морийг шинжих зэрэг олон зүйлсэд сонирхол нь хөтлөгдөж иржээ. Эх орны мэргэжил нэгт эрдэмтэн судлаачид болоод Л.Лигети, Н.Поппе тэргүүтэй гадаадын монголч эрдэмтэдтэй дотно харилцаатай, олон сэдвээр яриа өрнүүлэх дуртай нэгэн байв. Чөлөөт цагаараа ихэд шимтэн сонирхож байсан зүйл нь адууг шинжих, баримт дээр тулгуурлан судлах байжээ. Тэрээр 1970-аад оноос хойш адууны холбогдолтой мэдээлэл цулгуулсаар нэгтгэж, уншихад чимэгтэй бөгөөд сонирхолтой ном бүтээлийг туурвин ар араас нь сайжруулж иржээ. “Морины шинжийн тухай товчхон” (1978), “Морины шинж” (1978), “Адууны шүдний нэрийн учир” (1988), “Морины шинжийн нууц 10 зүйл” (1988) нэртэй бүтээлүүд байдгаас эцэст нь хэвлүүлсэн “Хүлгийн шинж” (1989) бүтээл өнөөгийн ахмад уяач болоод морьтон түмний гол гарын авлага болжээ. Монголд улстөрийн тогтолцоо болоод сэтгэлгээний шинэчлэлт явагдахтай санамсаргүй байдлаар зэрэгцэж хэвлэгдсэн байсан тул “Хүлгийн шинж” ном нь үндэсний өв соёлыг ил тод магтаж, сэргээж эхэлсэн шинэ үеийнхэн дунд гараас гарт дамжиж байв. Тухайн үеийн морин уралдааны анхдагч холбоод, тэдгээрийн гишүүд дунд өтөл буурал эрдэмтэн Лувсанбалдан нь “адуу шинжих загалмайлсан эцэг” хочтой болсон байв. “Хүлгийн Шинж” бүтээл нь морь шинжихтэй холбоотой өнөөг хүртэл хэвлэгдэж ирсэн олон ном бүтээлийн агуулга болоод хэв маягийн үндсэн эх үүсвэр, уран бөгөөд хээнцэр бичиглэлийн загвар болж иржээ. Зарим олны танил, нэртэй уяач, морь шинжээчдийн туурвисан ном бүтээлийн агуулга болоод бичилтийн хэв маяг нь “Хүлгийн Шинж” бүтээлийн шууд хуулбар эсвэл ижил хэв маягтай байдаг гэж хэл шинжлэлийн салбарынхан егөөддөг. Хэл шинжээчид, түүх соёл судлаачдын дүгнэлтээр “Хүлгийн Шинж” бүтээл нь 15 орчим эртний судар бичиг болоод ном дээрх ул суурьтай материалыг хамарч шилж сонгон нэгтгэсэн, бичиглэл болоод агуулгыг уншигчид ойлгоход хялбар бөгөөд орчин үеийн өгүүлбэр бүтэцтэй болгосон, хүлэг морины зан төлөв болоод бие бүтцийн 200 гаруй үзүүлэлтийг зааснаараа онцгой бөгөөд нэвтэрхий толь маягийн бүтээл юм. Мөн нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн монгол түмний бичгийн өв соёл, үндэсний ёс заншлийг сэргээх дээр хувь нэмэр болсон бүтээл гэж магтаж сайшаадаг юм. Тус сод бүтээлийн эх гар бичмэл болоод хэвлүүлэх оюуны өмч нь өнөөдөр Лувсанбалдан гуайн ач хүүд өвлөгдсөн байдаг ажээ. Сонирхолтой нь тус бүтээлийг манай улсаас илүү тоогоор хэвлэсэн нутаг бол ӨМӨЗО юм. Учир нь 1990 оны дундуур өвөр монголын морь сонирхогчид болоод Лувсанбалдан гуайн шавь нарын зүгээс ирсэн албан ёсны хүсэлтийг их эрдэмтний гэргий Дагвадулам хүлээн авч, монгол туургатны эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзээд, “Хүлгийн шинж” бүтээлийг гагцхүү тод үсгээр чөлөөтэй хэвлэн түгээж болно гэж албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Тус бүтээлийг монгол туургатан, монгол хэл яриа, өв соёлыг дээдэлсэн хэн бугай нь ч чөлөөтэй хуулбарлан хэвлэж олон нийтэд түгээхийг их эрдэмтний үр хойч дэмжсээр ирсэн билээ.

Тус мэдээллийг татаж авч болно.
 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл