All for Joomla All for Webmasters


БИЧИЛ БИЕТНИЙГ ИЛРҮҮЛЭХ, АГУУЛАМЖИЙГ ТООЦООЛОХ 
REAL-TIME PCR (QPCR) АРГАЗҮЙ

Тус мэдээллийг татаж авч болно.

Өнөөдөр хүн эмнэлэг болоод мал эмнэлгийн оношлогоонд халдварт өвчин үүсгэгч бактери, вирусыг илрүүлэх дээр молекул биологийн аргачлал технологи өргөн ашиглагдаж байна. Үүнд өвчин үүсгэгч байгаа бол илрүүлэх, цаашлаад өчүүхэн хэмжээтэй биологийн дээжин дэх нянгийн бодит агууламжийг ширхэгийн нарийвчлалтай тооцоолон гаргадаг арга бий. Тус аргыг мэргэжлийн салбарт real-time PCR (quantitative PCR) гэж нэрлэдэг. Аргазүйг АНУ-ын биотехнологийн BioRad компанийн эрдэм шинжилгээний хэлтэс 1993 онд уламжлалт арга дээр суурилж анх туршсан цагаас хойш олон арван биотехнологийн байгууллагууд зогсолтгүй хөгжүүлж сайжруулж ирлээ. Та бидний оношлогоон дээр “элэгний вирусын ачаалал тооцоолох” буюу “элэгний вирусыг тоолох” гэж нэрлэж хэвшиж байгаа шинжилгээ нь тус технологи дээр суурилна. Мал эмнэлгийн салбарт өвчин үүсгэгчийг илрүүлэх болоод агууламжийг нь тооцоолох гол ажилбар үүнтэй яг ижил. ХАА-н салбарт малын халдвар өвчнийг эрт илрүүлэх, халдварт өвчин үүсгэгчийн омог хэвшинжийг өөр хооронд нь ялган дүйх, өвчлөлийн явцыг тодорхойлох, генийн өөрчлөлттэй ургамал ногоог илрүүлэх зэрэг дээр тус аргазүйг өдөр тутам өргөн ашиглаж байна.

Өнөөдөр НҮБ-ын ХХАА-ын байгууллагын (FAO) зааварчилгаа стандарт дунд real-time PCR ашигласан 430 гаруйн нэрийн оношлогоо шинжилгээний аргазүй байдаг юм. Эдгээрийн дийлэнх нь мал амьтны халдварт өвчнийг илрүүлэх  лабаораторийн ажилбар юм. Хөгжингүй улс орнуудад бүртгэлтэй биотехнологийн олон тооны компаниуд тус аргазүйг патентласан байдаг (оюуны өмчөө болгон бүртгүүлсэн).

Тус аргын үндэс нь сэжиглэсэн буюу сонирхсон өвчин үүсгэгч бичил биетийн удмын мэдээллийг мал амьтны ямар ч дээжин дээрээс өвөрмөцөөр олшруулж илрүүлэх юм (Зураг 1). Шинжилгээг гүйцэтгэх үе нь мал амьтан халдвар авсаны дараах эрт үе болон хожуу үеийн аль ч байж болно. Биохими, дархлаазүйн шинжилгээнээс олон дахин мэдрэмжтэй тул real-time PCR арга нь өвчин үүсгэгч бичил биетийг өчүүхэн хэмжээтэй дээжнээс эрт үед нь илрүүлэх шалгарсан арга юм. Шинжилгээний үр дүнг эерэг хяналтын дээжийн үр дүнтэй шууд харьцуулж гаргаж ирнэ (Зураг 2).

МАУМС-ийн мэргэжилтний боловсруулсан тус шинжилгээний ажилбар нь НҮБ-ын ХХАА-ын байгууллагын (FAO) зааварчилгаатай дүйцсэн, олон улсын зэрэглэлийн GMP болоод ISO9001 стандартыг хангасан лабораторид өөрийн оношлуурыг бэлтгэдэг, үр дүнг олон давталтат туршилтаар баталгаажуулсан урт хугацааны их ажлын үр бүтээл юм. Адууны БЗХӨ-ийг илрүүлж, өвчин үүсгэгч нянгийн аууламжийг тоо ширхэгтэй тооцоолж гаргах тус шинжилгээнд адууны цусны дээж шаардлагагүй. Гагцхүү үржлийн эрхтэн сүв, хамрын сүвнээс гаралтай арчдас дээж хэрэгтэй. Тус шинэчилсэн аргазүй нь адууг зүүгээр хатгаж тавгүйтүүлэх, цусны дээжийг савлах-тээвэрлэх-боловсруулах явцад гарах боломжтой бохирдол, биологийн дээжийн хаягдалтай холбогдох эрсдэлийг эрс багасгасан, сайжруулсан хувилбар юм.


ЗУРАГ 1. REAL-TIME PCR УРВАЛ

Адуунаас авсан арчдас дээжийг боловсруулаад, түүнд агуулагдах боломжит бүх бичил биетийн удмын мэдээллийг ялган цэвэршүүлнэ. Сонирхсон бичил биетийг илрүүлэх зорилгоор real-time PCR урвалыг дэлхийд танигдсан хамгийн сайн ажиллагаатай урвалж бодисыг ашиглан гүйцэтгэнэ. Урвалыг лабораторийн орчинд зориулалтын бүрэн автомат төхөөрөмж дээр явуулна. Машинд явагдах урвал нь полимеразын гинжин урвал юм. Тус урвал нь ямар нэг дээжнээс илрүүлж олж харахыг хүссэн бичил биетийн удмын мэдээллийн хэсгийг зориулалтын уургийн тусламжтай олшруулах ажиллагаа билээ. Олон давталттай явагдах урвалаар дээжинд өчүүхэн хэмжээтэй (цөөн ширхэг) байсан удмын мэдээллийн хэсэг олон их наяд дахин олширно. Урвалын давталт бүрийн дүнг машин бүртгэж аваад тооцоолно. Ингэхдээ зэрэгцүүлж явуулсан эерэг хяналтын дээжин дээрх урвалтай шууд дүйцүүлдэг тул өвчин үүсгэгч нянгийн агууламжийг ширхэгийн нарийвчлалтай алдаа мадаггүй гаргаж ирдэг юм. Жишээлбэл тус зурган дээр contagious equine metritis нэрийн БЗХӨ үүсгэгч нянгийн эерэг хяналтын дээжийн 5 өөр агууламж дээр хийсэн урвалын үр дүн, урвалын шат шатанд хэрхэн олширч байгаа нь харагдаж байна (100, 1,000, 10,000, 100,000, 1,000,000 ширхэгтэй).




ЗУРАГ 2. УРВАЛЫН ҮР ДҮН

Зургийн дээд хэсэгт: нижгээд адуунаас авсан арчдас дээжинд 4 нэрийн өвчин үүсгэгчийг тооцоолсон дүнг тоон байрлал хэлбэрээр харуулав. Шинжилгээнд хамруулсан адуу бүр дугаарлагдсан. Зураг дээрх ташуу шугам нь 5 өөр стандарт агууламжтай дээжин дээр (100, 1,000, 10,000, 100,000, 1,000,000 ширхэгтэй) урвалыг явуулж босгож ирсэн дүйцүүлэх стандарт тоон шугам юм. Дээж бүрээс урвалыг 3 зэрэгцүүлж тавьдаг нь үр дүнг хөдөлшгүй баталгаатай болгодог (үр дүн улаан хэрээс хэлбэрээр харагдаж байна). Зургийн доод хэсэгт 4 адуун дээр хийсэн “адууны дааринБЗХӨ үүсгэгч нянгийн тоо ширхэгийг тооцоолж гаргасан үр дүнг харуулав. Тоо ширхэг гэдэг нь (Qty Mean) анх авсан арчдас дээжинд бодитоор агуулагдаж байсан нянгийн тоог хэлнэ. #001 дугаартай адуунд тус өвчин үүсгэгч байгаа эсэхийг дахин шалгах шаадлагатай харагдаж байна. Бусад адууны дээжинд БЗХӨ үүсгэгч нян маргаангүй өндөр агууламжтай байгаа юм (арчдас тус бүрт 1721-3221 ширхэгтэй).



 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл