All for Joomla All for Webmasters


АДУУНЫ БЗХӨ ИЛРҮҮЛЭХ
, ТООЦООЛОХ ШИНЖИЛГЭЭ

Доорх мэдээллийг татаж авч болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Манай улсад сүүлийн жилүүдэд адуун дээр зарим нэр төрлийн БЗХӨ илэрч байгаа нь адуучин олныг түгшээж байна. Тус халдварт өвчин үүсгэгчид нь импортын адуу дамжиж ирсэн, эсвэл нутгийн адуунд хэдийнээ байсан эсэх дээр манай  улсын дотоодын мэргэжлийн байгууллагууд хариулт өгч чадахгүй байгаа. Зохих судалгаа, тандалтын ажил тогтмол хийгдэггүй, оношлож илрүүлэх хэвшсэн аргачлал байдаггүй нь өнөөгийн сул тал мөн. Тиймээс морьтон олон дунд мэргэжлийн бус яриа, социал орчинд тарах мэргэжлийн бус баталгаагүй мэдээлэл нь адуу эзэмшигчдийг төөрөгдүүлж байна. Зарим нэг өвчин үүсгэгчид нь гадны үүлдэр угшилд өргөн тохиолддог тул импортын адуу буюу тэдгээрийн үрийн шингэн дагаж орж ирсэн байх магадлал өндөр. Мөн зарим нэг нь төв ази болоод уугуул нутгийн бүлгэмдэлд хэдийнээ байсан байх боломжтой. Өнөөгийн мэргэжлийн бус байдал нь ирэх жилүүдэд хийгдэх дорвитой судалгааны ажлуудаар засагдах болно.

Image result for COVERING SICKNESS (DOURINE)
Зургийг онлайн мэдээллийн эх үүсвэрээс хуулбарлаж оруулав.

Адуун дунд бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин эмгэг нь хүмүүс бидэнд өвөрмөц БЗХӨ-тэй адил шинж тэмдэгтэй. Ихэнх зүйлийн халдварт өвчин нь үржилд орсон гүүн дээр илэрдэг бол азарган дээр нуугдмал хугацаа харьцангуй урт байх буюу заримдаа илэрдэггүй. Тиймээс адуучид болон мал эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүс морин дээрх БЗХӨ шинж тэмдэгийг хожуу олж анзаардаг. Адууны үржлийн эрхтэнээс хэвийн үед шингэн зүйл гоожих, жин алдаж тамирдах, гүү сувайрч хээл хаях зэрэг нь илт ажиглагдах шинж тэмдэг мөн. Даамжирсан өвчтэй гүүнээс төрсөн унага тамир муутай бөгөөд наслахгүй байх, азарганы сэлдий хэвийн хэлбэр хэмжээгээ алдах зэрэг шинж тэмдэг мөн гарч болно. Ужиг хүндэрсэн адуу нь бүрэн илааширч амьдрах боломжгүй болсон байдаг тул дийлэнх улс орнуудад эрт үед нь устгалд оруулдаг. Зарим нэр төрлийн өвчин эмгэг илэрсэн адууг шууд устгалд оруулдаг дүрэм журам үйлчлэх улс орнууд байна.

Манай улсын хувьд шинж тэмдэг илэрсэн адууг шинжилгээнд хамруулах, үржилд оруулахын өмнөх сэргийлэх шинжилгээг гүйцэтгэх, өвчин үүсгэгч илэрсэн тохиолдолд эмчилгээнд хамруулах гээд зохих арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлдэг болох шаардлагатай. Манай улсын зохих мэргэжлийн байгууллагууд тогтсон стандарт аргазүй боловсруулаагүй, хүний нөөц болоод холбгдох дүрэм журам хангалтгүй байдгаас шалтгаалж адууны БЗХӨ оношилж илрүүлэх бололцоо хомс. Адууны биологийн дээж нь тээвэрлэлтийн хугацаанд чанаргүйждэг, олон улсын аюулгүй ажилбарын дүрэмд баригддаг тул өнөөдөр гадаад улс орнуудад дээжийг илгээх үндсэндээ бололцоогүй юм. Зөв зүйтэй шинэ хандлагыг бий болгоход тусгай зохицуулалт, дүрэм гэхээс илүүтэй адуу эзэмшигч хувь хүний санаачлага хамгийн чухал юм.

МАУМС нь дэлхий даяар адуун дунд өргөн тархсан, манай улсад жилээс жилд асуудал дагуулах хандлагатай байгаа БЗХӨ үүсгэгчдийг эрт оношилж илрүүлэх үйлчилгээг дотоодод цахиур хагалан эхлүүлж байна. Бүс нутаг болоод адууны үүлдэр угшил үл хамаарч бэлгийн замаар дамжин халдварладаг, тархалт болоод тохиолдол өндөртэй 4 нэрийн өвчин үүсгэгчийг илрүүлэх шинжилгээг хийж эхлэв. Манай шинжилгээ нь өвөрмөц чанар өндөртэй, хэт мэдрэг молекул биологийн мэргэжлийн аргазүй дээр суурилах бөгөөд эрт үед нь баталгаатай олж илрүүлнэ. Биологийн дээжийг боловсруулж аюулгүй болгох ажилбарыг дотоодод гүйцэтгээд, мэргэжлийн шинжилгээг стандарт хангасан гадны лабораторид манай монгол мэргэжилтэн гүйцэтгэж байна. Шинжилгээ тус бүрийг дангаар эсвэл багцаар нэг дор гүйцэтгэх боломжтой.

Илрүүлэх нян, өвчин үүсгэгчид

Орчин үеийн аргачлал, технологи ашиглаж илрүүлэх өвчин үүсгэгч бичил биетнүүд нь:

  1. Contagious equine metritis (CEM)
  2. Covering sickness (Trypanosoma equiperdum)
  3. Equine arteritis virus (EAV)
  4. Equine coital exanthema (ECE) / Equine herpesvirus, type 3

Тус 4 бичил биет нь бүс нутаг, үүлдэр угшил үл хамаарч адуун дунд халдварладаг, тархалт болоод тохиолдол өндөр, манай улсад сүүлийн жилүүдэд олдож илэрч байгаа төрөл зүйл юм.

Адууг шинжилгээнд хамруулах

Манай байгууллагын малын эмч мэргэжилтэн газар дээр нь очиж зохих аргачлалын дагуу адуунаас биологийн дээж авна. Хийлгэх шаадлагатай гэсэн шинжилгээг жагсаалт дундаас бие даан сонгож болно. Ингэхдээ малын эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Адууг зүүгээр хатгах буюу гэмтээх ажилбар явагдахйгү. Үржлийн эрхтэн болоод арын сүв, гадагшилсан шингэн хэсгээс арчдас авна. Мөн тухайн адууны тусгай орчинд хадгалсан үрийн шингэн дээр шинжилгээг гүйцэтгэх боломжтой. Адууг шинжилгээнд хамруулж байгаа эзэмшигч буюу түүнийг төлөөлөх хүн нь зохих асуумжийг үнэн зөв бөглөж эмчид олгоно.

Аргачлал, технологи

Өвчин үүсгэгч нянг олж илрүүлэх ажилбар нь молекул биологийн салбарт өргөн ашиглагддаг real-time PCR технологи дээр суурилна. Биологийн дээжинд өвчин үүсгэгч өчүүхэн хэмжээтэй байгаа тохиолдолд тэдгээрийн удмын мэдээллийн тодорхой хэсгийг олон дахин олшруулж авна. Урвалын үр дүнг програм хангамж ашиглан боловсруулж, дээжинд анх агуулагдаж байсан өвчин үүсгэгчийн тоо хэмжээг ширхэгийн нарийвчлалтай тооцоолж гаргана. Тиймээс тус шинжилгээгээр өвчний явц болоод хүндрэл, эмчилгээний үр нөлөөг тухай бүрт нь тандах боломжтой. Манай ажилбар Дэлхийн Мал Эмнэлгийн Холбооны (World Veterinary Association – WVA) аргазүйн сайжруулсан хувилбар бөгөөд АНУ-ын VetGen компанийн үр дүнтэй 100% дүйцдэг. МАУМС нь тус шинжилгээний нэр төрлийг 2018 онд багтаж Монгол Улсын стандарт аргазүй болгохоор ажиллаж байна.

Ажилбарыг БНХАУ-ын хөдөө аж ахуй, мал эмнэлгийн тэргүүлэх их сургуулийн ажлын талбай дээр манай байгууллагын монгол мэргэжилтэн гардаж гүйцэтгэнэ.

Үр дүнг хүлээж авах

Нийт цуглуулсан дээж дээр шинжилгээг нэг дор гүйцэтгэнэ. Тиймээс лабораторийн ачааллаас хамаарч шинжилгээний хариу ажлын 5-15 хоногт гарна. Үйлчлүүлэгч манай вэб хуудас дээрх өөрийн бүртгэлээр орж харна. Шаардлагатай тохиолдолд хариуг үйлчлүүлэгчийн зохих мэйл хаягаар, эсвэл хэвлэж дугтуйлаад баталгаат шуудангаар илгээж болно. Үр дүнд баталгаа олгоно.

Шинжилгээний төлбөр

Төлбөрийн талаарх мэдээллийг утсаар болон мэйлээр авна уу. Шинжилгээг багцаар нь гүйцэтгэсэн тохиолдолд үнийг буулгах боломжтой. Бүрэн урьдчилгаа хэлбэрээр төлбөрийг хүлээн авсаны дараа шинжилгээг гүйцэтгэнэ. Төлбөр бүрэн хийгдэх хүртэл шинжилгээний хариуг олгох боломжгүй.

Нууцлал

Шинжилгээ үйлчилгээний хариуг гуравдагч этгээдэд олгохгүй нууцална.

Нэмэлт мэдээлэл

МАУМС нь адуун дунд бэлгийн замаар болон агаар дусал, хүнсээр дамжин халдварладаг бусад 50 гаруй зүйлийн бичил биет нянг мөн ижил технологи аргачлалаар олж илрүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар дурдсан 4 нэрийн багцаас бусад шинжилгээний ажилбарыг 100% хэвшүүлээгүй байгаа ч нэн шаардлагатай тохиолдолд бидэнд хандаж болно. Бид шинжилгээг богино хугацаанд гүйцэтгэж өгч, холбогдох малын эмч мэргэжилтэнтэй уулзуулж өгнө. Шинжилгээний жагсаалтыг татаж авч болно.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.



 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл