All for Joomla All for Webmasters


ХРОМОСОМЫН ШИНЖИЛГЭЭ / КАРИОТИПЫН ШИНЖИЛГЭЭ


Адууны удмын мэдээлэл нь эсийн бөөмд 32 хос буюу 64 ширхэг хромосом биет хэлбэрээр багцлагдан хадгалагдаж байдаг. Тэдгээрийг хромосомын иж бүрдэл буюу кариотип гэж нэрийднэ. Удмын мэдээлэл дараагийн үед удамших явцад олон хүчин зүйлээс шалтгаалж кариотипын хэвийн бүтэц ба тоо хэмжээ алдагдах тохиолдол гардаг. Дийлэнх тохиолдолд тус өөрчлөлт нь үргүйдэл болон удмын эмгэгт хүргэнэ. Жишээлбэл монгол адуу болоод монгол тахийн дундаас гарсан үр төлийн дийлэнх нь үр удам үлдээх чадваргүй байдаг. Учир нь монгол тахь 33 хос буюу 66, монгол адуу болоод бусад ямар ч үүлдэр угсааны адуу 32 хос буюу 64 ширхэг хромосомын бүрдэлтэй. Тэдгээрийн дундаас гарах үр төл (66+64)/2=65 хромосом буюу сондгой тоот бүрдэлтэй байдаг нь цаашид үржлийн эсийг дамжуулах чадваргүйн шалтгаан болдог. Адуу ба илжиг дундаас гарах луус нь мөн ижил шалтгаанаар үргүй байдаг. Хромосомын тоо ширхэг хэвийн ч тэдгээрийн зарим багц хэсэг дутах эсвэл илүүдэх, солигдох, байрлал нь өөрчлөгдөх зэрэг олон тооны гажиг бий. Хромосомын дурдсан гажгууд нь мал аж ахуйд шилж шалгаруулж ирсэн тусгай үүлдрийн адуун дунд илүү өндөр давтамжтай тохиолддог. Шинж тэмдэг нь элдэв нэрийн удмын эмгэг, үргүйдэл, хээл хаяж сувайрах зэрэг болно. Адууны үүлдэр бүрт онцгой, тохиолдол өндөртэй хромросомын гажиг тус бүрийг олж илрүүлэх үндсэн аргачлал нь кариотипын шинжилгээ юм. Ширхэг эс дэх кариотип иж бүрдлийг гэмтэлгүйгээр ялгаж аваад дуранбайгаар ажиглалт хийх, мөн тусгай будгаар өнгө оруулж илүү нарийвчилсан ажиглалтыг гүйцэтгэх боломжтой. Бүх ажилбар нь мэргэжлийн лабораторид хийгдэнэ. Ажилбарын өөр нэршил нь цитогенетикийн шинжилгээ юм.

Адууг шинжилгээнд хамруулах
Манай баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж адуунаас биологийн дээж авна. Биологийн дээж гэдэг нь дэл эсвэл сүүлнээс угаар нь сугалж авсан 20-30 ширхэг туг үс юм. Дээжийг олгохдоо адуу бүртэй холбоотой үнэн зөв мэдээллийг зохих асуумж хуудас дээр бөглөж өгнө. Дээжийг алслагдсан газраас богино хугацаанд илгээх шаардлагатай бол зохих зааварчилгаа болон дээж хадгалах дугтуйг бид илгээнэ.

Лабораторийн ажилбар
Олон улсад өргөн ашиглагддаг, жишиг болсон хромосомын анхан шатны кариотипын шинжилгээг бид гүйцэтгэнэ. Адууны биологийн дээжнээс хромосомын иж бүрдлийг бүрэн бүтэн, гэмтэлгүй гаргаж ирээд бэхжүүлж, өнгөт будгаар будаж шинжилнэ. Шинжилгээний ажлаар нийт 3 үндсэн шинжилгээг гүйцэтгэнэ: хромосомын хэвийн тоо ширхэг, хромосом бүрийн уртын хэмжээ, хромосом бүрийн хэвийн хэлбэр дүрс. Ажилбар явагдах байгууламж нь АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн мал эмнэлгийн лаборатори юм. Кариотипын ямар нэг гажиг илэрсэн тохиолдолд ЗанааСпекс компанийн мэргэжилтэнтэй давтан шалгаж, цаашдын нарийвчилсан удмын эмгэгийн шинжилгээг гүйцэтгэх эсэхийг үйлчлүүлэгчтэй хэлэлцэх болно.

Үр дүнг хүлээж авах
Хромосомын шинжилгээний эцсийн хариу ажлын 20-25 хоногт гарна. Хариуг үйлчлүүлэгчийн зохих мэйл хаягаар илгээнэ. Мөн үйлчлүүлэгч нь манай вэб хуудас дээрх бүртгэлээр орж харж болно. Шаардлагатай бол үр дүнг хэвлэж дугтуйлаад баталгаат шуудангаар илгээж болно. Үр дүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг мөн олгоно.

Шинжилгээний төлбөр
Төлбөрийн талаарх мэдээллийг манай вэб хуудас дээрх утас болон электрон шуудангаар холбогдож тодруулна уу. Бүрэн урьдчилгаа хэлбэрээр төлбөрийг хүлээн авсаны дараа шинжилгээг гүйцэтгэнэ. Төлбөр бүрэн хийгдэх хүртэл шинжилгээний хариуг олгох боломжгүй.

Үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Үйлчилгээ бүртэй холбоотой мэдээллийг татаж авч болно.


 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл